"Оливиа.."
Намайг дуудах дуунаар эргэн харахад Хермони тээр цаанаас улбар өтгөн үсээ намилзуулсаар надруу гүйн ирж байлаа.
- Унах нь байна
Эрчиндээ яг хана мөргөх дөхөхөд нь би түүнийг барьж авсан нь харин энэ байсан юм.
Хараад байгаарай.
Энэ охин юунд ингэж их яаараа вэ?
Одоог хүртэл амьсгаагаа дарж чадалгүй амьсгаатаж байхыг нь би харин дотроо ингэж бодож байсан юм.
"Чамайг Профессор Дамблдор дуудаж байна гэнэ.."
"Танай Слитерины 6-р дамжааны охин чамайг хайчихсан явна лээ"
"Ямар нэг юм болоо юу?.."
Би тэр хүнийг нэрийг сонсох мөчдөө л нуруугаар минь хүйтэн хөлс цувахыг мэдэрсэн. Гэсэн ч алаг минь хөлөрч шүд минь хоорондоо хавиралдаж байлаа.
Хермони ч тэр захирлын өрөөг хаана байгааг мэддэггүй юм байна.
Гайхалтай.
Хоёул хоёулаа хэнээс асуух уу гэж эргэлзэнгүй зогсоход азаар Харри бид хоёр дээр ирж тааран намайг Профессор Дамблдорын өрөөнд хүргэж өгөхөөр болов.
Тэр ч гарцаагүй энэ сургуульд хэрэгтэй нэгэн.
Зайлшгүй шаардлагатай үед тэр энэ сургуультай холбоотой бүх хүнд тус хүргэх юм.
Ахлах дамжааны дөрвөн ч хүүхдээс тус өрөөг асуухад нэг нь ч мэдээгүй байхад Харри захирлынхаа өрөөг мэдэж байна шүү дээ.
Гайхалтай.
Замдаа азаар ноён Поттер надаас юу ч асуусангүй.
Дотроо өнөөх хувиргалын хичээл дээрх үйл явдалын талаар асуух байхдаа гэж цээж хөндүүрлэн цэрвэж байсан ч тэр огт юм дуугарсангүй.
Ашгүй минь.
Бид хамтдаа нэгэн чулуун ханыг өнгөрч шонхор аль эсвэл бүргэдийн гэмээр том хөшөөтэй хүйтэн хонгилд орж ирэх нь тэр.
Харри намайг тэр хөшөөний дор байгаа шатан дээр очиж зогс гэлээ. Хэлсэнээр нь хийн өнөөх шатан дээр очиж зогсох төдийд хөшөө хүчтэй дуу гаргаж, тоос манаруулан хөдлөж эхлэв.
Тэрхэн зуур Харри надад хандаж ийн хэлэх шиг болсон.
"Оливиа.."
"Чи юуг ч буруу хийгээгүй.." гэж.
Гэвч.
Бүх зүйлийг буруу хийж яваа надад ийм сайхан үгс зориулагдаагүй мэт санагдана.
Хөшөө эргэлдэн мушгиралдсаар хөдөлгөөнгүй болоход би дээд талын давхарт гарч ирсэн байгаагаа ухаарсан юм.
Доор үлдсэн хонгилоос хавь илүү дулаан өрөө угтах аж.
Өрөө бүхэлдээ ямар нэг зүйлээр дүүрэн гэж хэлж болохуйц байлаа.
Тайван байдал.
Эд юмс.
Дулаан элч.
Нэг тийм дүүрэн мэдрэмж.
Миний одоогоор хамгийн их эмээж байгаа хүн ширээнийхээ ард сууж байгаа байх гэж бодтол ширээ сандал нь хоосон байв.
Манай захирал хаачсан байж болох уу?
Зөөлөн алхсаар томоо ширээнийх нь урд очин цомцойтол зогсоход өнөөх баахан юм овоолоостой байсан ширээн дээр мааш жижиг дөнгөж үнснээсээ цухуйн гарч ирсэн үү гэлтэй галт шувуу байх нь тэр ээ.
Хөөрхөн юм.
Түүний жижиг өд, хөөрхөн шонтгор хамрыг нь ширтэн байх зуур хажуу залгаа өрөөнөөс чимээ гарч Профессор Дамблдор өөрөөр миний тэртээ алсаас үг хэлж байхад нь л хоёр гуравхан удаа харж байсан хүн ороод ирэх нь тэр.
Би яг энэ мөчид амьсгалдаг амьд организм гэдгээ ч үл хайхран гараа тас атган зогсож байсан юм.
"Өдрийн мэнд Розир авхай.."
- Танд ч бас өдрийн мэнд Профессор Дамблдор
Тэр миний өмнө өөрийнхөө ширээний ард ирээд намайг урд нь байх сандал дээр суухыг гараараа урив.
Найрсаг хүн юм.
Өнөөх том сандал дээр нь суухад хөл минь газар дүүжлэгдэж байлаа.
Гарцаагүй би түүний өмнө өчүүхэн амьтан юм байна.
Юу ч биш.
Хэн ч биш.
"Кхмм.."
"Та намайг яагаад энд дуудсан талаар гайхаж байгаа байх"
"Би Профессор МакГонагаллаас үүнийг хүлээж авсан юм"
Тэрээр ийн хэлэн урдаа байх жижиг алчуур дээрх чулууг заав. Нөгөө заасан чулуу нь миний хувиргаад "Филосифийн чулуу" болгочихсон чулуу байлаа. Шившлэгийн хугацаа нь хэдийн өнгөрчихсөн тул хуучин хэлбэртээ орчихож.
Юу хэлэхээ үл мэдэн байхад тэр дахин дуугарав.
Профессор Дамблдор.
Бүдэг цэнхэр өнгийн нөмрөг, түүнтэйгээ адил өнгийн шовх үзүүртэй малгай.
Яг л хадагтай МакГонагаллийн адил нарийн харааны шил.
Бас сүлжиж боосон урт цагаан сахал.
Тэр миний 9 настайдаа уншиж байсан сонин дээрхээсээ ялимгүй өөр аж.
"Энэ миний гарт ирэхдээ анх арай өөр байсан хадагтай Розир.."
Дараагаар нь хэлэх үгийг би амьсгаа даран хүлээнэ. Гарцаагүй захирал Профессор "Чи яаж үүнийг хийсэн бэ", "Бас яаж сурсан" гэж асуух нь ойлгомжтой.
Гэгээн Мерлин минь гэж.
Би бараг л зүрхээр явах нь.
"Энэ бол ховор тохиолдол.."
"Розир авхай.. би таныг хосгүй ховор авьяастай шидтэн гэж бодож байна"
"Яг л эмээ шигээ"
Юу хэлэх бол гэхээс яс хавталзаж байсан би тэрхэн зуур нүдээ тас аньчихсан байсан ба өөдөөс минь харан суух эрхмийн хэлсэн зүйлд цочирдон гэнэт нүдээ нээчихэв.
Айн?
Юу гээд хэлчихэв?
Түрүүний хөшөө яг л өмнөх шигээ сүрдэм дуу гарган намайг доод давхартаа буулгалаа. Хэдхэн алхмын цаана Харри яг л намайг оруулж өгсөн тэр газартаа хүлээж байх нь тэр.
Харцнаас нь би маш сонирхсон өнгө аяс бас нүдний гялбаа олж харж байсан юм.
Тэгээд би оройн хоолоо идэхээр төв тэнхим рүү явж байх замдаа түүнд бага саг юм ярьж өгсөн. Гэтэл тэр ч бас миний эмээ гэх хүний талаар мэддэг болж таарав.
Хадагтай Розир.
Өнөө маргаашгүй 100 хүрэх гэж байгаа тэрээр "28 Халдашгүй Ариун" гэр бүлийнх гэдгээс өөрөөр алдартай нэгэн байж.
Хоёр хөл нь маш муу эмээ минь шидтэний ертөнцөд цуутай "Аурор" байсан гэнэ.
Одоогоос нилээн хэдэн жилийн өмнө "Хэцүү Нэрт"-тэй нүүр тулгарч одоогийнх шигээ ийм хөл муутай бас дээр нь бие муутай болчихсон гэв.
Би цочирдсон.
Профессор Дамблдорыг эмээ шигээ хүчтэй, авьяастай нэгэн юм гэж магтахад нь ч ингэж гайхаагүй атлаа хадагтайг "Аурор" байсан гэх Харригийн ярьж өгсөн түүхийг зэрвэс сонсоод би маш том цочролд орсон.
Хамгийн тохиромжтой гэр бүл гэж би.
Грингласс.
Лонгботтом.
Селвиин.
Крүч.
Байж болох бүх хүчирхэг гэр бүлүүдээс би шилж сонгож энэ амьдралыг бүтээсэн.
Гэтэл?
Хамгийн агуу аурор гэгддэг Мерлины I зэргийн одонг хүртэж байсан бүр ч болоогүй Годрикын хөндийд төрсөн хүний хажууд ирчихсэн.
Бүр хажууд нь унтаж байж шүү дээ.
Өдөр ирэх тусам өөртөө урам хугарч, хуучны өөрийгөө алдаж бас улам бүр өөрийгөө голж байгаа би өөрийн урд байх зутанг хутгангаа нэг айхтар бодолд ороогдсон юм.
Тун айхтар.
Бас аймар.
Миний шившлэг.
Энэ агуу хүнийг хуурсан байх боломжтой юу гэж.
Хэрэв?
Хадагтай Розир хэзээ мөдгүй шившлэгээсээ яг л Драко хайрын уусмалын шившлэгийн нөлөөнөөс өөрөө тэмцээд гарчихсантай адилаар гарчихвал?
Магад би дуусах байх.
Ер нь.
Сая би зууны хамгийн агуу шидтэн гэгддэг Альбус Дамблдорыг хүртэл хуурч чадсан болов уу?
Энэ боломжтой гэж үү?
Хар замаг гэж.
Тархи минь задрах нь.
"Хайраа.."
"Зүгээр үү"
Драко өөрийн нислэгийн хичээлээс тарч ирэн хоолны ширээний ард ирж суусан нь энэ байлаа.
Нүдрүү нь харж байгаад хэлсэн бас нэг худал.
- Би зүгээрээ Драко..
You are reading the story above: TeenFic.Net