24. Хатныг хороо!

Background color
Font
Font size
Line height

Саяхан харвуулсан сумыг татан гаргаж авахад аймшигтай их өвдөнө. Угаас байж боломжгүй хэрэг үйлдэн баригдаж яваа тул мөрийг минь эмнэх нэг ч хүн байсангүй. Цус урссан чигээр нь ордны цэргүүд хоёр талаар чирэн алхана.

Мөр минь аймшигтай ихээр өвдөж байсан болохоор биеэ зүй ёсоор удирдаж чадахгүй хөл минь сулран энд тэнд гишгэхэд цэргүүд тоосон шинжгүй чирсээр явна.

Ийнхүү хааны ордонд орж ирлээ. Шөнийн харанхуй болж ордны хөл хөдөлгөөн багассан боловч бүх хүн унтаж амрах арай болоогүй тул хажуугаар зөрөх ордны албатууд гайхаж цочирдсон байдалтай ард үлдэж байлаа.

Хатан эхийг дагалдан явсаар шууд л хааны өргөөний гадаа очив.

Хатан эх "Хаантан минь яг одоо гараад ир" хэмээн өндөр дуугаар дуудахад

Хааны тайган гүйж гарч ирээд "Амгалан морилж байна уу? эрхэм дээсээ. Хаан эзэн саяхан нойрссон. Эрхэм дээдэс ямар хэргээр" гэснээ хатан эхийн ард цустайгаа холилдон сөхрөн суугаа намайг харан ихэд цочирдсон байдалтай зог туслаа.

Хаан тайган "Э-Энэ чинь. . . .их хатан?" хэмээн уулга алдахад

Хатан эх "Том хэрэг мандсаныг харж байгаа биз дээ? үтэр түргэн хаан эзнийг дууд!" хэмээн тушаав.

Тайган ч хурдан хурдан алхсаар буцаад орчихлоо.

Төд удалгүй хааны өргөөний хаалга тас хийтэл савлагдан хаан эзэн нэлээд сандарсан байдалтай гарч ирлээ.

Шархнаасаа болж толгой бага зэрэг манарч байсан ч хаан эзний гайхсан төрх тодоос тод харагдаж байв.

Хаан "ЭНЭ ЧИНЬ ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ? ХЭН ХАТНЫГ ШАРХДУУЛДАГ БИЛЭЭ?" хэмээн ууртай асуухад

Хатан эх "Би тэгсэн юм" гэж маш тайван хариуллаа.

Хааны хөмсөг зангиран хатан эх рүү том хараад "Яагаад? яагаад түүнийг ингэж байгаа юм?" гэж асуухад

Хатан эх "Их хатан үхэх ял үйлдсэн болохоор ингэсэн юм. Харин ч газар дээр нь шууд алах ёстой байсан ч хаан таны эхнэр тул танаар шийдүүлэх гэж энэ хүртэл чирч ирлээ"

Хаан "Энэ хүртэл гэдэг чинь юу гэсэн үг юм? Ямар гэм үйлдсэн болоод харанхуй шөнөөр хатныг минь гэмтээсэн ирдэг байна аа?" гэж лавлан асууна.

Хатан эх "Хайртай хүү минь хатан хүү хоёроо алдаж энэлэн шаналж байхад ээж болсон би яаж юу ч болоогүй мэт тайван амьдрах билээ. Хаан таныг юу аз жаргалтай болгох вэ? танд юу хийж өгөх вэ? гэж их бодсон. Гэвч сүүлийн үеийн цуу яриагаар хаан таныг ордны гадаах нэгэн эмсийн хүрээлэнд байнга очдог. Очих бүрдээ ганцхан бүсгүйг л таалдаг гэж сонссон юм. Дууч эм гэдэг дорд нэгэн боловч хайртай хүүг минь аз жаргалтай болгож байвал үгээгүй гуйлгачин байсан ч би охин шигээ хайрлаж чадна. Тэгээд л хаан таныг баярлуулах гээд таны сэтгэл алдраад байгаа Улаан сарнай гэгч цуутай дууч эмийг олж уулзаж ордонд залахаар дагалдах цэргүүд, авхай ахайтан нарыг дагуулан ордноос гарсан билээ. Гэтэл аль хэдийн хаан та түүнтэй уулзаж байсан. Хаан танд саад болохгүй гэсэндээ нар жаргатал хүлээж байгаад та хоёрыг салж явахад нь бүсгүйг дагаж очоод албан ёсоор ордонд залах санаатай байсан юм" гэснээ нүүрээ даран хэсэг чимээгүй зогсоод

"Гэтэл байж боломгүй, хүний амнаас сонссон бол хэзээ итгэмээргүй зүйл болж багтай бүсгүй байшинд ороод хувцсаа солиод гарч ирэхэд их хатан байсан. Хөгшин би үнэхээр их цочирдсон. Итгэж чадахгүй байсан. Хаан таны өмнөөс их хатанд маш их гомдож байлаа. Яаж ингэж чаддаг байна аа? яаж ингэж хаан эзнийг хуурдаг байна аа? Улаан сарнай гэдэг хүүхэн нийслэлд зартай олон эрчүүдийг жаргаасан дууч эм хэмээн сонссон билээ. Гэтэл тэр дууч эм хааны хатан байна гэдэг ямар том доромжлол, ямар том гутамшиг вэ? хааны таалалд нийцэхгүй удсандаа хорсож ордноос гарч завхайрч байсан нь энэ юм билээ. Үнэхээр зүрх сэтгэл эмтэрч байна"

Хааны хөмсөг улам гүн зангиран амьсгаа нь илт дээр болсон байх нь түүнийг маш их уурласан гэдгийг илтгэнэ.

"ХУДЛАА!! БАЙЖ БОЛОМГҮЙ ХУДАЛ ЗҮЙЛ" хэмээн орилоход

Хатан эх уйлаад байгаа бололтой нулимсаа арчин толгой гудайсаар "Нүдээр харсан би ч итгэж ядан байхад хаан та яаж итгэх билээ. Хатныг барьж авсан тэр байшин дотроос эдгээр зүйлсийг олсон юм" хэмээн Улаан сарнай хувцаснууд, бүжгийн эд хэрэгсэл гоёл чимэглэл, сольж зүүдэг багнуудыг гаргаж тавихаас гадна хааны зурж өгсөн зургийг ч мөн гарган тавилаа.

Хаан итгэл муутайхан ганц нэг гишгэсээр Улаан сарнайн эд зүйлс дээр очин өөрийнхөө зурж өгсөн зургийг дээш өргөн авав.

Түүний харц уур бухимдлаар дүүрэн харагдах ч тэр чив чимээгүй зогсоно.

Хэсэг ийн зогсоод яг л бачуурч үхэх гэж байгаа мэт хоолойнхоо хэрээр, хамгийн чангаар "ХАТААН!!! ЮУ БОЛООД БАЙГАА ЮМ?" хэмээн бухимдан ориллоо.

Энэ бүхнийг харан суугаа миний нүднээс нулимс урсахаас өөрийг хийж чадсангүй. Бүгдийг тайлбарлах ёстой ч амнаас нэг ч авиа гарсангүй. . .

Энэ зуур хатан эх "Хатан улаан сарнай байгааг хараад сэжиг төрөн Гэрэлт саран асар гэгч эмсийн хүрээлэн рүү цэргүүд явуулж шалгалт хийлгэсэн. Гэтэл эмсийн хүрээлэнгийн эзэн ахайтан гэх ч нь их хатны авга эгч байсан. Анхнаасаа л таныг доромжилж, таныг хуурах гэж энэ бүхнийг хийсэн хэрэг. Мунхаг би үнэхээр ухаж ойлгох ухаангүй явж. Гэнэт л их хатан өөрөө ирээд гэр бүлийнхээ ажил хэрэгт тусалж нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцмоор байна гэж гуйхад нь ачлалт охины тахимдуу сэтгэлээр л хааны хатан болсон ч ар гэр аав ээжийнхээ ажилд туслах гэж байна гэж баярлаад хатанд зөвшөөрөл өгсөн юм. Гэтэл энэ зөвшөөрөл чононд мах өгсөнтэй адил зүйл байж л дээ. Даанч сүүлийн үед их хатны ордноос гарах нь ихсэж шалтгаан асуухад нийслэлийн бүтээн байгуулалтад ашиглах материал бараа бууж байгаа өөрөө шалгадаг гээд байсан юмаа. Сүүлд энэ бүх нууцыг мэдээд бодож үзэхэд хаан таны ордноос гарсан шөнө бүр их хатан бас алга болчихдог байсан юм билээ. Эх хүн байж иймхэн зүйл ч анзаарахгүй хүүгийнхээ сэтгэлийг хэдэн хэсэг болгох ийм айхтар хэрэгт өөрөө мэдэхгүй тусалж байдаг. Хөгшин миний буруу" хэмээн үг нэмэв.

Хатан эхийн энэ үгийг сонссон хаан юу ч дуугарахгүй над руу алхсаар урд минь ирж суугаад "Яагаад дуугүй байгаа юм? тайлбар хэл л дээ. . . худлаа биз дээ? АНДУУРАЛ ГЭЖ ХЭЛЭЭЧ!!" хэмээн галзуу мэт орилов.

Бүгд үнэн байхад би юу хэлэх билээ. Нүднээс урсах нулимсаа барьж ядан чичирсээр сууна.

Төд удалгүй хааны гар эрүүнээс минь нэлээд хүчтэй базаад "Юу ч дуугарахгүй, худлаа шүү дээ амь өршөө гэхгүй байхыг бодоход бүгд үнэн байх нь ээ? сайхан байсан уу их хатантаан? тэнэг юм шиг өөрийг нь зураад өөрт нь магтан зогсоо намайг харах ХӨГЖИЛТЭЙ БАЙСАН УУ?" хэмээн орилно.

"Х-Хаантаан...." гэх үг л арай ядан амнаас унаад нулимс минь тасралтгүй урсаж байлаа.

Хатан эх "Хүүхэд нь гэр бүлийнхээ эрх мэдлийг далимдуулж нууц арга сэдэж ийм байж боломгүй алдаа гаргасан болохоор Мин удмын бүх хүмүүсийг хороох хэрэгтэй. Тэгж байж л энэ том доромжлолыг бүрэн устгах болно. Мин удмынхан амьд байгаа цагт хаан таныг хуурсан шившигт үйлдэл хэзээ ч мартагдаж алга болохгүй. Хаан эзнийг хуурна гэдэг хаант улсаа хуурч байгаа хэрэг. Мин удмынхныг төрийн эсэргүүн хэмээн үзэж бүгдийг нь эр эм хөгшин залуугүй хөнөөх хэрэгтэй! Хатныг хороо! хаантаан!!" хэмээн энэ удаад тулгах мэт илүү хүчтэй өнгө аястай хэлнэ.

Хаан эрүүг минь хүчлэн тавихад түүний атгаж байсан хэсэгт бага зэрэг өвдөнө.

Хааны уур хилэн дээд цэгтээ хүрсэн гэдгийг би маш сайн мэдэж байлаа.

Хаан дээш босон цааш алхаад "Хатныг өрөөнд нь хүргэж шархыг нь эмчлээд намайг дуудах хүртэл өргөөнөөс нь гаргаж, мөн өргөө рүү нь хэнийг ч оруулж болохгүй" гэхэд

Хатан эх "ХААНТААН! ЯГ ОДОО ЦААЗААР АВАХ ЁСТОЙ!! энэ бол ганц таныг шившигт хутгасан хэрэг бус хаант улсын минь тэр чигт нь шившигт хутгасан хамгийн том нүгэлт хэрэг!!" хэмээн хааны ардаас орилоход

Хаан огцом эргэж харан "МЭДЭЖ БАЙНА!! Хатан угаас үхэх болно! Шархыг нь эмчилж байгаа нь маргааш цаазаас авахаас өмнө өөрөө тайван үхчихвэл харамсалтай биз дээ? Харин Мин удмыг тэр чигт нь таслах үгүйг маргааш сайд нарын хуралдайгаар шийднэ. Манай улсын түүхэнд хамгийн их гавьяа байгуулсан удам тул шууд бүгдийг хороох нь ард түмний бослого, иргэний дайн гаргах нөхцөл болно. Яг одоо би энэ бүхнийг шийдэх эрүүл ухаангүй байна! тиймээс маргааш болтол хойшлуулж байгаа минь энэ. Хатан эх минь би танаас илүү уурлаж, танаас илүү гомдож байна. Энэ бузар эмийг заавал тарчилж үхэж байгааг харуулах болохоор санаа зоволтгүй" гэж хэлээд өргөө рүүгээ орчихлоо.

Хааныг орсны дараа хатан эх урд минь ирэн доош суугаад "Хааны ордон гэдэг хорт могойн цуглаантай адил зүйл гэдгийг мэддэггүй хэрэг үү? хатан та үнэхээр гэнэн юм. Нэгэнт үхэх чинь тодорхой болсон болохоор олон зүйл ярихгүй ээ. Маргааш үхэл рүү чинь аз жаргалтайгаар үдэж өгөх болно. Хатан та хэлснийг минь хийгээд л утсан хүүхэлдэй шиг томоотой байсан бол ингэж дуусахгүй байлаа. Би одоо явах ёстой л доо хатан таны тухай үнэнийг илчилж өгсөн эрхэм авхайг хааны татвар болгож шагнах ёстой юм" гэж хэлээд яваад өглөө.

Эрхэм авхай??

Үнэнийг минь илчилсэн гэнэ ээ? Хэн??

Тэгэхээр хатан эх санаандгүй тэр байшинд таарсан хэрэг биш байж. Анхнаасаа л намайг Улаан сарнай гэдгийг нь мэдээд очсон байна шүү дээ. Аймшигтай юм. . .

Яг одоо тэр надад хүн биш чөтгөр юм шиг л санагдаж байна. . .

Ийнхүү бодол дундаа олон янзын асуулт дунд төөрөн суухад минь цэргүүд дээш өргөн босгоод өргөө рүү минь авч явлаа.

=================

Хатан эхийн өргөө:

Түүнийг өргөөндөө эргэн ирэхэд их хатны өргөөний итгэлт авхай болох Сури нь нэлээд айж сандарсан шинжтэй газарт сөхрөн сууна.

Хатан эх нүүр дүүрэн инээмсэглэсээр өөрийн суудалдаа суугаад "Жон Сури байхаа? чи үнэхээр сайн байлаа. Төрийн том нууцыг задалж төрийн эсэргүүн завхай хатныг барьж өглөө. Энэ бол чиний хаан төрийнхөө төлөө хийсэн хамгийн том гавьяа тул хатан эх миний бие өөрийн биеэр чамайг хааны шинэ татвар болгон өргөмжилж байна. Эхлээд мэдээж татвар гэх доод цол хэргэмээс эхлэх боловч цаашдаа ч надад үнэнч байх юм бол хатан болж дэвшээд зогсохгүй хааны үр удмыг тээж төрүүлэх эрхэм гавьяа ч ирж болох юм" хэмээн их л баяртай хэлэв.

Айсандаа зүрх нь дэлбэрэх гэж байгаа туулай шиг л байдгаараа чичрэн суух Сури "Э-Эрхэм дээдэс минь намайг өршөө. Таны ачлал хязгааргүй билээ. Татвар болон хатан болно гэдэг мөхөс над шиг дорд гаралтай хүнд дэндүү ахадсан хэрэг. Бүдүүн зүрх гаргаж ганцхан зүйлийг л гуйя. Аав ээж хоёрыг минь суллан тавиач тэгэх үү? мөхөс надад энэ л хамгийн том шагнал. Өөр юуг ч шунаж хүсэхгүй" гэхэд

Хатан эх тас тас хөхөрсөөр "Энгийн даруухан хөөрхөн охин юмаа. Зүгээр дээ чамайг өндөр хэргэм, эрх мэдлээс айж байгааг ойлгож байна. Гэхдээ энэ бол чамд ирэх ёстой албан ёсны шагнал. Түүнийг дагалдаж эцэг эхийн чинь амь ч бас ирэх болно. Аав ээжийгээ цаашдаа ч олон жил амьдруулмаар байгаа биз дээ? хэрвээ тийм бол зүгээр л бүх зүйлийг хэлснээр минь хий" гэж тушаахад

Сури дэндүү их айсандаа хоолой нь сайн гарч өгөхгүй уруул нь чичрэх ба "М-Мэдлээ эрхэм дээдсээ" хэмээн хүлээн зөвшөөрөхөд

Хатан эх "Манай Жон татварыг аав ээжийг аваад ирээч" хэмээн баясгалантай нь аргагүй тушаав.

Төд удалгүй хатан эхийн хүмүүст тамлуулан арай ядан амьсгалж буй дундаж насны эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг өргөөнд оруулж ирэн хаяв.

Цус нөжтэйгээ холилдсон ухаангүй шахам байх аав ээж рүүгээ Сури мөлхөж очин тэсэлгүй уйлна.

Хатан эх "Хэлсэн зүйлийг минь сайн бодоорой. Үгэнд минь сайн орвол аав ээж чинь урт наслах болно" гэснээ

"Тэднийг гарга, Жон татварт ордон бэлдэж эцэг эхийг нь тэндээ эмчил" гэж залхсан янзтай хэллээ.

Тэднийг гаргасны дараа шалан дээрх цусыг авхай нар арчин цэвэрлэнэ.

Мөрөө атгуулан алжаалаа тайлан суух хатан эх "Тэргүүн сайдад хэл дуулга. Маргааш болох хуралдай дээр бүх сайд нар Мин удмынхныг хороох талаар хаанаас гуйх ёстой шүү. Удаан зууралдмааргүй байна. Дайснаа нэг мөр дарж авах нь зүйтэй" хэмээн инээмсэглэнэ.

==================

Маргааш өглөө нь:

Энэ өглөөний хуралдай ёстой л үгэн дайн гэдэг шиг хамгийн ширүүн хурал болж өнгөрлөө. Тэргүүн сайдын хүмүүс Мин удмыг хороох ёстой хэмээн дайрч, тэдний эсрэг зогсдог ноёд улсад том гавьяатай гэр бүл тул өршөөх ёстой хэмээн талцана.

Хөл толгой нь олдохгүй орилоон дунд хөмсөг зангидан чимээгүй сууж байсан хаан "АМАА ТАТАЦГАА! Хэрэлдэж маргалдахаас илүүг чадахгүй арчаагүй амьтад! эцсийн шийдвэрийг сонсоцгоо. Мин удмынхныг зүгээр өнгөрөөж, их хатныг өвчнөөр нас барьсан гэж зарлан хор уулгаж цаазаар авах болно" гэхэд дахиад л бөөн шуугиан болов.

Тэргүүн сайд "Эрхэм дээдсээ! хааны таныг байтугай хаант улсаа шившигт хутгасан хүн нь хатан байхад гэр бүлийг нь өршөөнө гэдэг байж болох асуудал гэж үү? дахин тунгааж хайрла"

"ДАХИН ТУНГААЖ ХАЙРЛА"

Хаан "МУНХАГ АМЬТАД!! хаан төр шившигт хутгалдсан гэдгийг бүгд мэдэж байж хаан төрөө хэрхэн нэр цэвэр үлдээх аргаа ч мэдэхгүй мунхаг амьтад. Мин гэр бүлийг бүгдийг нь устгалаа гээд яах юм? үеийн үед хааны хатан дууч эм болсон гэсэн шившигт түүх арилахгүй. Түүний оронд хатныг нууцаар цаазлаад үг дуугүй чимээгүй өнгөрөөвөл та нарыг харамсаад байгаа хаан төрийн нэр хүнд цэвэр үлдэх биш үү?" хэмээн зандрахад хаан үг үнэн байсан тул бүгд дуугарч чадахгүй зогсоно.

Тэргүүн сайд хүртэл хэлэх үггүй болсон бололтой чимээгүй байлаа.

Хаан "Зарлиг сонс. Их хатан өнөөдөр хууч өвчний улмаас насан өөд болно. Уг мэдээг маргааш орон даяар тараа. Хатан өршөөж боломгүй том нүгэл үйлдсэн тул өнөөдөр орой нар жарган цагаар бүх сайд ноён, хатан татваруудын өмнө хор уулгаж цаазаар авна" хэмээн зарлиг буулгалаа.

==================

Ордны төв талбай:

Нар жаргаж цаазын ял гүйцэтгэх хугацаа болсон тул төрийн сайдууд, хааны татварууд хатан эх гээд чухал гэсэн бүх хүн ордны төв талбайд цугласан харагдана.

Хаан "Цаазын ялыг нүдээр харж, чихээр сонссон хэн бүхэн цааш дэлгэн ордноос гарах хориотой. Хэрвээ хатны үхлийн талаар цааш дэлгэсэн хүн байх юм бол тэр хүн ч бас цаазаар авахуулах болно!" хэмээн анхааруулсаар цаазын ял эхэллээ.

Харвуулснаасаа болсон уу нэлээд ядарсан байдалтай уруул ам нь хатаж омголтсон харагдах их хатан чимээгүйхэн алхсаар хор тавьсан жижиг ширээний ард суулаа.

Хаан "Их хатан өөрийн ичгүүрт үйлдлээ ухамсарлаж байгаа биз дээ? нэгэн цаг үе эхнэр нөхөр гэгдэж байснаа бодон миний чамд үзүүлж чадах сүүлийн өршөөл бол хор уулгах. Үүнээс өөрөөр чамайг яавч энэрч чадахгүй нь" гэхэд

Их хатны нүдэнд нулимс цийлгэнэн хаан руу ширтсээр "Мэдэж байгаа, баярлалаа эрхэм дээдсээ..." хэмээн толгой бөхийлөө.

Хаан эзэн санаа алдсаар толгойгоо дохиход их хатны дэргэд зогсох ахайтан "Их хатан хорыг ууна уу" хэмээн мэдэгдэв.

Их хатны нулимс нүдийг нь дүүрч ирэн хацрыг нь даган урсахад эцсийн удаа мэт хаан эзэн рүү удаанаар ширтсээр аягатай хорыг аван ууж орхив.

Хор ууснаас төд удалгүй цээж хэсэг нь ихэд өвдөж байгаа бололтой цээжээ дарсаар эвхрэн унахад цусаар ханиалган яргалан тийчилнэ.

Ийнхүү үхлийн өмнөх тарчлаан хэдэн хором үргэлжлээд их хатны бие сулран хөдөлгөөнгүй болов.

Хаан "Шалга" гэхэд

Хааны тайган очиж үзэн "Амьсгал хураасан байна эрхэм дээдсээ" хэмээн бөхийлөө.

Хаан "Ойлголоо хатны биеийг-" гэтэл

Хатан эх "Хүлээж бай! ийм сайхан мөчийг ингэж хурдан дуусгаж болохгүй шүү дээ. Хаан таныг доромжилсон энэ дууч эмийг халуун наранд шарагдаж, аадар бороонд цохигдож цогцос нь ялзрах хүртэл нь энд нь хаявал таарна" гэв.

Хаан "Түүний хийсэн үйлдэл нэр төрийг минь аль хэдийн ялзруулсан байхад амьгүй цогцсоор нь хүртэл ордныг минь ялзруулахаар шийдээ юу? таны хэлсэн хамгийн тэнэг шийдвэр байна"

Хатан эх "Хааны үг ортой ч таны нүднээс гуниг харагдаж байна. Гэмт хэрэгтнийг цаазалсан байтал баярлах ёстой бус уу?" хэмээн нүд салгахгүй ширтсээр ийн асуулаа.

Хаан нүүрний хувиралгүй суух агаад "Би баяртай байна. Ээж таны уур хилэн бүрэн дарагдаагүй бололтой. Хүсвэл наад үхсэн биеэ сэтгэлээ ханах хүртэл ширт л дээ. Бидэнд яараад байх ажил байгаа биш" гэхэд

Хатан эх, их хатны амьгүй болсон бие рүү бахдалтай нь аргагүй ширтэн хэсэг зогсов. Хатан эхийг ийн зогсох зуур хэн ч саад болсонгүй бүгд чимээгүй зогсоно.

Нэлээд удаан ийн зогсоод доош бөхийн өөрийн гараар амьсгал хураасан үгүйг шалгаад "Улсыг аврагч Мин авхайн үхэл ийм гутамшигтай байна гэж бодсонгүй шүү. Хөгжилтэй өдөр байлаа" гэж хэлээд яваад өглөө.

Хаан "Цаазын ял дууслаа, одоо тарцгааж болно" гэхэд

Цаазын араг хэмжээ бүрэн дууссан тул сайд ноён татварууд ч таран явцгаав. Гэвч ил далд бүгд л нас барсан их хатныг завхай, муугаар дуудан шивнэлдсээр зарим нэг том эрх мэдэлтэй нэг нь арай чангаар түүнийг гоочлоод өнгөрнө.

Энэ бүхэн өрнөх зуур яг л сонсоогүй мэт суусаар байсан эзэн хаан чимээгүй алхсаар амьгүй болсон их хатны өмнө ирлээ.

Хааны тайган "Цаазын ял нууцлагдах тул хатныг их хатныг ёсоор оршуулах хэрэгтэй. Бид түүнийг яваад явъя даа" гэхэд

Хааны хацрыг даган нулимс урсаад "Тэгдээ" гэх ганцхан үгийг л хэлэв.

You are reading the story above: TeenFic.Net