23. Сүүлийн уулзалт

Background color
Font
Font size
Line height

Бэлтгэлийн талбайд хаан намайг дуудсан гэх тушаалаар цэргийн бэлтгэл хийдэг талбайд дээр очлоо.

Хаан эзэн нум сум харвах бэлтгэлээ хийж байсан юм.

"Их хатан ирлээ" хэмээн хааны тайган мэдэгдэхэд хаан сая л нэг над руу харав.

Би түүний өмнө очин мэндлээд "Ямар нэг хэрэг гараа юу эрхэм дээдсээ?" хэмээн асуухад

Хаан "Хэрэг гарсан, чиний хувьд чухал байж болох том өөрчлөлтийг авч чадах үгүйг чинь шийдэх гэж бооцоотой тоглохоор дуудсан юм" гэх нь тэр.

Түүний үг далд бөгөөд бага зэрэг ойлгомжгүй байсан юм.

"Юу гэсэн үг үү? ямар тоглоом? бас миний хувьд юу чухал гэж?" хэмээн асуув.

Хаан "Хайртай залуугаа өөрийн болгож чадах үгүйг чинь шийдэх мөрийтэй тоглоом" хэмээн инээмсэглэв.

"Я-Ямар хайртай залуу?" гэж ичсэндээ гацаж түгдрэн асуухад

Хаан инээмсэглэсээр өөр лүүгээ заан "Би" гэх нь тэр.

Түүний гэнэтийн бөгөөд шулуухан хэлсэн үгнээс болж маш их ичиж байсан ч эргэн тойронд олон хүн байгаа тул ууртай мэт хөмсөг зангидсаар "Эрхэм дээдэс дахиад л сархад хүртээ юу? ярьж байгаа зүйл чинь хүртэл утгагүй болж эхэлж байх чинь. Сүүлийн үеийн зугаа чинь багадаад надаар тоглох гэж дуудаа юу?" хэмээн асуухад

Хаан нэлээд чанга инээснээ "Манай хатан үнэхээр мундаг шүү. Хэлсэн үгийг минь сайн санаж байна гээч. Гэхдээ энэ удаад жүжиглэх хэрэггүй дээ. Энд байгаа бүх хүн миний итгэлт хүмүүс байгаа юм. Тиймээс л таныг энд дуудаж, ийм эрээ цээргүйгээр ил цагаан хэлж байгаа минь энэ" гэх нь тэр.

Би "Т-Тийм үү? тэгсэн ч гэсэн та нэг зүйл буруугаар ойлгоод байх шиг байна. Би танд хайртай гэж сэтгэлээ илчилсэн тохиолдол огт байхгүй" хэмээн зөрөхөд

Хаан инээмсэглэсээр хацрыг минь илбэн "Үгээр хэлээгүй ч чиний харц, үйл хөдлөл чинь надад хэлээд байна. Бас онцгойлон өгсөн бэлгийг минь нандигнан зүүсэн байгаагаас чинь бүх зүйл харагдаж байна" гэв.

Яг энэ үед л хааны өгсөн үсний хатгуурыг дахиад зүүчихсэн гэдгээ санасан юм. Энэ үнэхээр бантмаар нөхцөл байдал гэдгийг хэлэх нь зүйтэй.

Шууд хариу хэлж чадахгүй хацар минь халуу дүүгэн хаан руу эгцэлж харж чадахгүй харц минь зугтаж байв.

"Т...Та л өөрөө зүүж бай гээд байсан биз дээ? би зарлиг гэж бодсон тэгээд л биелүүлж байна" гэхэд

Хаан намайг шоолох мэт жуумалзсаар "Хатан таныг миний өгсөн зарлиг тушаалыг ингэж сайн дагадаг гэж мэдээгүй юм байна. Тэгэхээр гол асуудалдаа орох уу? хатан таныг гайхалтай дайчин гэдгийг бүгд мэднэ тиймээс нум сумаар өрсөлдөх санал тавьж байна. Хэрвээ та намайг ялах юм бол би насан туршдаа ганцхан хатан танд үнэнч байя. Харин би таныг ялах юм бол сэтгэл зүрхийг минь эзэмдээд байгаа онцгой бүсгүйг би ордонд авч ирэх болно" гэх нь тэр.

Сэтгэл эзэмдсэн онцгой бүсгүй??

Арай Улаан сарнайг ордонд авч ирнэ гэх гээд байгаа юм биш биз дээ?

Гайхах бантах хосолсоор "Онцгой бүсгүй гэж хэн юм? А. .. Арай дууч эм биш биз дээ?" гэж итгэл муутайхан асуухад

Хаан "Миний сэтгэл, миний өдөр тутмын амьдралыг чи хамгийн ихээр мэднэ шүү дээ. Бидний харилцаа гайхалтай байгаач сэтгэлд минь хамгийн гүн бөгөөд тод ул мөрийг үлдээсэн бүсгүй нийслэлд бий. Тиймээс би чамтай амьдралаа мөрий тавих гэж байна. Энэ тоглоом л бүгдийг шийдэх болно. Би хэлсэн үгэндээ бат зогсоно амлаж байна" гэх хачирхалтай боловч маш аюултай саналыг тавих нь тэр.

Би "Н-Наадах чинь санал биш зүгээр л таны тулган шаардалт байна. Би эсэргүүцэж байна! Дууч эмс яагаад эмсийн хүрээлэнд байдгийг мэдэх үү? өөр газарт тэдний зиндаа хүрэхгүй болохоор тэр! дууч эмсийг таалж болох ч ордонд оруулж ирнэ гэдэг байж боломгүй хэрэг" хэмээн эсэргүүцэхэд

Хаан над руу ойртон "Яагаад ганцхан хувилбар байгаа мэт яриад байгаа юм? энд хатан таны ялж болох боломж ч бас байгаа. Хэрвээ чи ялах юм бол би насан туршдаа ганцхан чамд үнэнч байна гэж амласан байхаа. Хатан таны хамгийн сайн чаддаг нум сумаар өрсөлдөх гэж байхад айгаад байгаа хэрэг үү? намайг ялж чадахгүй гэж бодоод аль хэдийн буугаад өгчихсөн үү?" хэмээн шар малтаад амжив.

Нум сум үнэхээр миний хамгийн сайн чаддаг зүйлийн нэг. Үүндээ ч бардам байна. Гэвч намайг айлгаж байгаа нэг зүйл нь миний чадварыг мэдсээр байж хаан эзэн надаас ч илүү бардам байгаа энэ төрх нь. . .

Үнэхээр би ялагдаад хаан Улаан сарнайг ордонд авч ирнэ гэвэл яах болж байна?

Хааныг Улаан сарнайн өмнө сөхрүүлэх гэсэн хүслийг минь гүйцээж амжаагүй байхад хаан үнэнийг олж мэдээд намайг цаазалж мэдэхээр байдал үүснэ.

Тоглоомыг эхлүүлбэл эрсдэл үүсэх тул татгалзах хэрэгтэй. Хааны ур чадварыг бүрэн гүйцэд мэдээгүй байгаа. Илдээр тулалдахдаа тэр гайхалтай байсан магадгүй түүн шигээ нум суманд ч гарамгай байж мэднэ.

Ийн бодсоор "Айгаагүй ээ, би улсын эх, хааны их хатны хувьд эсэргүүцэж байна. Нэг муу эмсийн хүрээлэнгийн дорд хүүхэн хааны ордонд хатан гэгдэн сууна гэдэг хаан удмыг тэр чигт нь доромжилж байгаа хэрэг. Тиймээс би ингээд явлаа" гээд толгой бөхийгөөд эргэтэл

Хаан "Хараад байхад чи буугаад өгчихсөн бололтой. Тиймээс би яг одоо ордноос гарч Улаан сарнайг авч ирэх болно. Энэ бол хаан миний шийдвэр тул хатан чи шинээр бага хатан зална гэж бодоод ордон болон ёслолд бэлдэж бай" гэх үгээр намайг зогсоож орхилоо.

Хаантан үнэхээр шийдчихсэн бололтой, надад гарц үлдсэнгүй. . .заавал ялах хэрэгтэй!

Ийнхүү бодсоор хаан руу эргэж харахад хаан тавлах мэт "Яасан бэ? чи явах гэж байсан биз дээ?" гэх нь тэр.

Би түүний өмнө очиж зогсоод "Та яг хэлсэндээ хүрнэ шүү. Надад ялагдах юм бол дууч эмийг ордонд оруулж ирэх талаарх яриа үүрд дуусах болно" гэхэд

Хаан инээмсэглэн "Тохирлоо, харин би ялах юм бол чи эсэргүүцэхгүй шүү" хэмээн сануулав.

Би хөнгөн санаа алдаад "Ойлголоо, ямар дүрэмтэй харвах юм?" гэхэд

Хаан "Ижил зайнаас таван сум харвана. Таван өөр байрлалтай. Оноход хэцүү байнууд бий. Хэн нь ихийг онож чадна тэр хүн ялна. Амархан байгаа биз дээ?" гэснээ хажуудаа байгаа цэрэг рүү харан "Хатанд нум сумыг өг" гэв.

Ийнхүү бидний тэмцээн эхэллээ. Нэг нэг сумаар ээлжлэн тавьсаар бид хоёр хоёулаа таван сумаа таван байдаа онож чадав.

Хаан инээмсэглэн "Хатан үнэхээр мэргэн юм гээч. Бид тэнцчих шиг боллоо. Нэгэнт тэнцсэн болохоор дахин шинээр эхэлцгээе, энэ удаад хамгийн жижиг бас хөдөлгөөнт байг харвана шүү. Гурав гурван сум тавина. Хэн олон оносон нь мэдээж хожно. Бидний сум өөр хийцтэй, үлдээх ул мөр нь ч өөр тул танихад амар. Бас энд байгаа олон хүмүүс нүдээр харж шүүх болно" гэв.

Би "Ойлголоо"

Багцаагаар эрхий хуруу шиг жижигхэн модны хэлтэрхийг цэргүүд хүссэн чигтээ, хүссэн хурд хүчээрээ ар араас нь дараалуулан шидлээ.

Эхлээд хаан харваж, дараа нь би харвасан. Гэвч хаан гурван сумаараа бүгдээр нь онож, би нэг сумаа алдаж орхив.

Ийнхүү хувь заяа ирээдүй минь дээсэн дөрөөн дээр ирлээ.

Гаднаа зүгээр байгаа мэт энгийн харагдах хэдий ч дотроо бол зүрх минь хагарах гэж байгаа мэт л хурдан балбаж байлаа.

Хаан яг л ялна гэдгээ анхнаас нь мэдэж байсан мэт тайван инээмсэглэсээр "Ингээд би яллаа. Хатан танд эсэргүүцэх зүйл үлдээгүй гэж найдаж байна. Бага хатны өргөөг бэлдээд байж байгаарай. Өнөөдөр орой гэхэд шинэ бага хатныг ордонд оруулж ирнэ" гэж хэлээд хажуугаар зөрөөд явчихлаа.

===================

Яах вэ? яаж аргалах вэ? Улаан сарнай эсэргүүцэх юм бол хаан зүгээр өнгөрөөх болов уу? гээд л түмэн бодол эргэлдэн алхсаар өргөөндөө орж иртэл итгэлт авхай минь нэлээд сандарсан байдалтай зогсож байв.

Түүний нүд тогтож ядан эргэлдсээр "Эрхэм дээдсээ, хааны элч хэдэн цагийн өмнө Гэрэлт саран асарт очиж авга эгчтэй тань уулзсан. Тэгээд хааныг удахгүй ирэх тул өдрийн цагаар боловч Улаан сарнайг уулзуулаач хэмээн хүсэлт тавьсан. Хаан хэзээ очихыг мэдэхгүй байна" хэмээн сандран өгүүлэв.

Хэзээ гэдгийг нь би сайн мэдэж байна. Яг одоо шүү дээ. Тэр тэмцээнд ялсан болохоор одоо шууд ордноос гарах нь ойлгомжтой.

Би яг одоо ордноос гарах хэрэгтэй.

Би "Ахайтаан та намайг өвдсөн гэж хүмүүст хэл. Би дөнгөж сая хаантай мөрийтэй тоглоод ялагдчихсан. Хаан яг одоо Улаан сарнайг авч ирэхээр ордноос гарч байгаа. Тиймээс би гарах ёстой. Хүн ирвэл хаантан дахин бага хатан зална гэсэн зарлигаас болж сэтгэл санаа хямран амарч байгаа гэж хэл. Өргөө рүү хэнийг ч оруулж болохгүй шүү"

Шадар ахайтан "Гэхдээ эрхэм дээдсээ, та яах болж байна? хаан үнэхээр Улаан сарнай дээр очоод хатан бол гэж зарлиг буулгавал өөрийгөө илчлэхээс аргагүй. Ингэж байхаар Улаан сарнайг зугтсан гэж худал хэлбэл яаж байна? нэгэнт Улаан сарнайг олж чадахгүйгээс хойш"

Би "Болохгүй ээ, хэрвээ Улаан сарнай гэнэт зугтчих юм бол хаан сэжиг авна. Эсвэл галзууртлаа уурлаж хамгийн түрүүнд Гэрэлт саран асрын бүсгүйчүүд болон авга эгчийг үгүй хийнэ. Надаас болж тийм олон хүн үхэж болохгүй"

================

Ийнхүү өргөөндөө заавар өгөөд яаравчлан, басхүү хүн амьтнаас нуугдах маягтай ордноос гарлаа.

Гарсан даруйдаа нууц байшиндаа очиж хувцсаа солиод Гэрэлт саран асрыг зорив. Намайг тэнд очиход хаан эзэн аль хэдийн ирсэн хэмээн авга эгч хэлэв.

Улаан сарнайн өрөө болох өөрийн өрөөндөө орох гэтэл авга эгч хэлэхдээ хаан эзэн ард байдаг модтой төгөлд уулзах хүсэлт тавьсан гэв.

Бараг хүн байдаггүй газарт, ингэж тусгайлан уулзаж байгаа нь яах аргагүй бага хатанд залах гэж байгаагаа дуулгана гэсэн үг. Гэвч хаан "Багаа ав" гэх ганцхан өгүүлбэрийг хэлэхэд л миний амьдрал үгүй болох болно.

Айдас эргэлзээ дүүрэн модтой төгөл рүү алхана. Өөрийгөө аварч болох арга чарга бодох хэдий ч толгойд бууж байгаа нэг ч юм алга.

Яах вэ? Яана аа? Одоо яах бол? гэсэн асуултуудтай хамт алхсаар нэг мэдэхэд төгөлд ирсэн байлаа.

Намайг ирэхэд хүн байгаагүй тул хааныг хайн эргэн тойрноо харж байтал "Өдрийн цагаар уулзаж байгаа нь анхных юм байна" гэх хааны өгүүлбэртэй хамт тэр аль хэдийн хажууд минь ирсэн байлаа.

"Сайн байна уу эрхэм дээдсээ? чухам ямар хэргээр намайг дуудсан юм бол?" хэмээн мэдэн будлисан байдалтай хаантай мэндлээд асуулт тавихад

Хаан "Чамд зурсан зургаа бэлэглэх дээ л би сэтгэлээ илчилсэн байхаа. Хаан миний зүрх сэтгэлд чи хүч түрэн орж ирээд удаж байгаа. Авхай чиний тухай бодол, чиний үзэсгэлэнт бүжгийн талаар бодсоор өдрийг өнгөрөөдөг гэж"

Би "Анх хаан гэдгийг тань мэдэхгүй байхдаа сэтгэлийн үгийг тань хүлээн авсан. Гэвч тэр үед хаантан та миний үйлчлүүлэгч ноён төдий л байсан тул сэтгэлд минь тийм ч гүн тусаагүй. Эзэн хаан гэдгийг тань мэдээд сүрдэж байгаа хэдий ч сэтгэл минь яахан өөрчлөгдөх билээ. Эсрэгээрээ мөхөс би эрхэм дээдсийн сэтгэлийг хүлээж авч болохгүй дорд нэгэн гэдгээ л мэднэ. Тиймээс өршөөж хайрла. Хаан эзэн танд ордон дүүрэн гоо бүсгүй байдаг гэж дуулсан. Тэдгээр гоо бүсгүйчүүд байхад мөхөс би илүүд биз" хэмээн түүний өмнө бөхийхөд

Хаан нэлээд чанга инээлээ.

Гайхсандаа түүн рүү дээш харвал "Улаан сарнай аргагүй л хамгийн гайхалтай нь юмаа. Эзэн хаан гэдгээ хүртэл хэлээд байхад хоромхон зуур ч бодохгүй шууд л намайг хаяж байна гээч. Би бол энэ улсын эзэн. Хэрвээ би хүсэх л юм бол чи хаашаа ч зугтаж чадахгүй үүрд минийх болно гэдгээ мэдэж байгаа биз дээ?" хэмээн асуув.

Би дахин толгой гудайгаад "Тийм ээ эрхэм дээдсээ, юу юунаас илүү мэдэж байгаа. Гэхдээ та яагаад Гэрэлт саран асар зэрэг дэв хамаарахгүй үйлчилдэг болохыг мэдэх үү?" гэхэд

Хаан "Яагаад?"

Би "Бидний хэдэн бүсгүйчүүдийн нууцхан мөрөөдөл болохоор тэр. Бүсгүй хүн, харц ард, дууч эм гэж ялгагдаж, хүчтэй нэгний эрхшээлд орохгүй эрх дураараа, эрхэм нандин чигээрээ байхыг хүссэн юм. Тийм дээ ч үйлчилж байгаа эрчүүдээ хүртэл зэрэг дэвээр нь ялгахгүй нэгэн ижил байдлаар үйлчилсэн. Сэтгэлд минь байдаг цор ганц бардам байдлыг минь битгий үгүй хийгээч. Хаан та эрх мэдэл, хүч чадлаа ашиглан намайг өөрийн болгох юм бол би гэдэг хүний мөн чанар үгүй болж бие нь байвч Улаан сарнай гэдэг хүн үүрд мөнх алга болох болно" хэмээн гуйхад

Хаан юу ч хэлсэнгүй чимээгүй зогсоно.

Түүнийг юу гэж хэлэх бол? ямар шийдвэр гаргах бол? гэсэн айдастай доош харан зогсож байтал хаан юм хэлээгүй хэрнээ гараас минь зөөлөн атгалаа.

Гайхаж, бага зэрэг түгшсэн байдалтай түүн рүү харвал.

Хаан "Ойлголоо, чиний хэлснээр болъё. Үнэндээ хар бага наснаасаа хайрлаж дурласан бүсгүйгээ хатнаа болгож чадсан ч урт удаан аз жаргалыг мэдэрч амжаагүй түүнийгээ алдсан. Тэр цаг мөчөөс эхлээд олон сайхан бүсгүйг таалж байсан ч нэгд нь ч сэтгэл алдарч байсан тохиолдол байхгүй. Насан өөд болсон их хатнаас минь өөр хэн ч зүрх сэтгэлийг минь догдлуулж, бодлыг минь эзэмдэж чадаагүй. Яг л их хатныг үхэхтэй зэрэгцэн зогссон мэт болсон зүрх сэтгэлийг минь чи өөртөө татсан. Дахиж хэн нэгний төлөө цохилохгүй байх гэж бодож байсан зүрхийг минь чи догдлуулж чадсан. Тиймээс л чи надад онцгой нэгэн. Тэгээд л би чамайг өөртөө авахыг хүссэн юм. Гэтэл чиний бодол миний бодол хоёр нэгэн цэгт уулзах боломжгүй хол зөрүүтэй бололтой. Хүссэнээрээ л бол. . . хариуд нь хаан миний сэтгэл зүрхэнд сийлэгдсэн энэ гоо үзэсгэлэнг дахин өөр хүнд битгий үзүүлээч" гэх нь тэр.

Гайхсандаа "Юу?. . . юу гэсэн үг үү?"

Хаан "Чамайг өөрийн мөн чанараа гээхгүй сайхан амьдраасай гэж хүсэж байна. Гэвч чиний сайхан амьдралд Гэрэлт саран асар хэрэггүй мэт санагдана. Энэ уулзалт сүүлийн уулзалт байх болно. Хариуд нь чи ч бас дахин Гэрэлт саран асарт ажиллахгүй гэж амлаач" гэв.

Миний төсөөлөөгүй уужим сэтгэлийг гаргаж, бас хэзээ ч сонсохгүй байх гэж бодож байсан эелдэг бөгөөд чин үнэнч гуйлт байсан тул надад эсэргүүцэх шалтгаан байсангүй.

Хааныг өвдөг сөхрүүлнэ гэж эхэлсэн ч өвдөг сөхрөхөөс илүү хааны сэтгэл сөхөрсөн нь гайхамшиг байлаа.

Тэр үнэхээр Улаан сарнайд хайртай бололтой. Улаан сарнай хүссэн болохоор тэр түүнийг тавьж явуулж байна.

"Ойлголоо. . . .Бидний сүүлийн уулзалттай хамт Улаан сарнай байх өдөр минь ч дууслаа" гэж хэлэхэд

Хаан хөтөлсөн байгаа гараа руугаа инээмсэглэн ширтсээр "Сүүлийн уулзалтаа тийм амар дуусгамааргүй байна. Өнөөдөр надтай хамт байгаач. Авхай тантай хамтдаа алхаж, хамт хооллож, ярилцаж үзээгүй зүйлсээ яримаар байна" гэв.

Би үг хэлээгүй зүгээр л толгой дохисон юм.

===============

Бүтэн өдөржин хаан бид хоёр болзоот залуус мэт л цагийг зугаатай бөгөөд дурсамжтай өнгөрөөлөө. Хамтдаа инээлдэж, гүйлдэж, хэзээ ч хэн нэгнээсээ асууж байгаагүй асуултаа асууж, бас хамт хооллоод л. . .

Хэзээ ч мартагдахгүй дурсамжтай өдрийг өнгөрүүлээд хаан болон Улаан сарнайн хувьд уулзаж байгаа сүүлийн уулзалтаа дуусгасан юм.

Гадаа нар жаргаж харанхуй болсон тул хаан эзэн ч ордон руу буцах болсон бололтой.

Би "Өнөөдөр гайхалтай байлаа. Хаантан та ордон руугаа буц даа. Би ч бас өөрийн зам мөрийг хөөх болно" гэхэд

Хаан надруу ширтэн инээмсэглэсээр "Ойлголоо, ингээд салцгаая" гэж хэлснээ аажмаар ойртон уруул дээр минь удаанаар салж хагацахыг хүсэхгүй байгаа мэт бага зэрэг шуналдан үнсээд бидний уулзалт жинхэнээсээ дуусав.

Хаан эзэн ордон руу буцаж, би хурдхан хувцсаа солиод ордон руу буцах ёстой тул нууц байшиндаа ирлээ.

Байшинд угаас хүн байхгүй тул тас харанхуй. Яарч байсан болохоор дэнлүү асаах зав байсангүй. Хувцас тавьсан өрөө рүүгээ орж хувцсаа солиод гарах гэтэл гэнэт гадаа дэнлүү аслаа.

Гайхаж цочих хослон гарах үгүйдээ эргэлзэн зогсож байтал "Хүн байхгүй байшин бололтой, өнөөдөр хоноглоод явцгаая" гэх хүмүүсийн яриа сонсогдоно.

Явуулын хүмүүс бололтой. Санаа амран байшин дотроос гараад иртэл хэдэн арван цэрэг байшинг бүслээд зогсчихсон байх нь тэр.

Дэндүү их цочирдоод хөдөлж чадсангүй байрандаа таг гацчихлаа.

Чанх урд минь зогсох хатан эх гайхсан бололтой том харснаа төд удалгүй инээмсэглэн "Ямар гайхалтай учрал вэ? тийм ээ хатантаан. Үгүй хатан биш шүү дээ. Хааныг дурлуулсан дууч эм урд минь зогсож байна. Улаан сарнай болоод олон эрчүүдтэй завхайрсан уу? энэ бүх үнэнийг хаан мэдээд яах бол? үнэхээр сонирхолтой байна шүү"

Нэгэнт баригдсан болохоор хэлэх үг огт байсангүй. Ганц бодогдсон зүйл зугтах ёстой юм болов уу? гэх бодол.

Эхлээд зугтах хэрэгтэй, дараа нь яахаа бодъё гэж дотроо шийдээд тэндээс зугтах гэтэл байшингийн дээвэр дээр харваач байсан бололтой хоёр алхаад л мөрөнд минь сум зоогдов.

Өвдсөндөө мөрөө даран газар унахад хатан эх урд минь ирж суугаад "Яг одоо би өөрөө чамайг алж болох ч хаан эзнээр алуулах нь сонирхолтой шүү дээ. Хааны хайртай бүсгүй хатан чамайг гэж сонсоод би бараг л итгээгүй. Учир нь би төрсөн хүүгээ сайн мэднэ. Тэр хэтэрхий бардам зантай нэгэн тул хатан чамаас болж тэгж олон удаа доромжлуулсан байж чамд дурлах ёсгүй. Харин ордноос гарч ирэх бүрдээ аз жаргалд умбадаг хүүгээ анзаарсан юм. Тэгээд хүүгийн минь толгойг эргүүлсэн зартай дууч эмийг харах гээд иртэл хатан чамайг байна гэж яаж санах билээ. Хорвоо үнэхээр жижигхэн юмаа. Хааны хатан байж нууцаар дууч эм болж эрчүүдтэй завхайраад л тэгээд зогсохгүй хүүг минь хуурч өөртөө дурлуулаад л. . . Жүнмён байтугай би ч уучилж чадахааргүй том доромжлол байна даа. Ийм том доромжлол амссан гэдгээ мэдээд хүү минь чамайг яахыг харж байя. Тэр хэрцгий авираа хөдөлгөвөл надаас ялгарах зүйлгүй гэдгийг чи мэдэх үү?" хэмээн галзуу мэт тас тас хөхөрнө.

You are reading the story above: TeenFic.Net