Лянхуа мэт гоо үзэсгэлэн хэмээх нэгэн бүлэг

Background color
Font
Font size
Line height


Арин үл таних эмэгтэй хажуугаар нь явж өнгөрсний дараа тэр эмэгтэйг ахин харсангүй. Ламтангаас зургийн талаар ахин асууж чадалгүй хэд хонохдоо багахан мэдэх түвд хэлээрээ ном судар гүйлгэн уншина. Түүнд нэргүй нэгэн судар олсон нь тэмдэглэл гэж хэлмээр аж. Хэн бичиж буй нь тодорхойгүй ч энд нэгэнтээ шавьлан байсан гэлэнмаа(ажваас эмэгтэй хүн бичсэн) бичсэн байх хэмээн тааварлав. Тэрбээр цааш уншина.

***

Хичээлийн өргөөнд их багш орж ирэн зураг дэлгэн харуулахад багшийнхаа юм хэлэхийг бүгд хүлээхэд зургийг ажин хэсэг зогссоноо

-Энэ зургийг мэдэх хүн байна уу? гэж бүгдээс асуун хараа гүйлгэлээ.

-Лянхуа чи мэдэх үү? гэхэд доош харан

-Би багаасаа түвдөд сурсан болохоор...монгол урлагийн талаар маруухан... гэхэд багш бусдаас нүдээрээ асуун

-Энэ бол... гэхэд Дара

-Өндөр гэгээний урласан Дарь Эхийн хөрөг байна хэмээв. Багш нь гайхан ширтсэнээ инээмсэглэн

-Чи өмнө нь харж байсан гэж үү? хэмээн сөргүүлэн асууна. Дара яг л гэм хийсэн хүүхэд шиг доош харан

- Үгүй ээ, номоос уншихдаа ийм зураг байх гэж төсөөлсөн юм гэхэд багш нь суудалдаа суун

-Тайлбарлаж чадах уу?

Дара зургийг анхааралтай ажихад Лянхуа түүнээс харцаа салгалгүй ширтэнэ.

-Балчгаас ургасан боловч хирийн гэмийг үл халдаагч бодь сэтгэлийн зөөлөнг цагаан лянхуаг дүрслэн бэлгэдэж(ийн хэлэхдээ Лянхуа руу нүдний булангаараа сэмээрхэн харж амжина) үүлтээс тунарах боловч сүүдрийн гэмээр үл хиртэгч бэлгэ билгүүний цагаахан сараар сайтар бэлгэдсэн суудал дэвсгэр дээр машин сүндлэн хээмсэглэсэн, хөлийн баруунаа жийн, зүүнээ хураасан нь арга билгийн хослон барилдлагыг бэлгэдэн, баруун мутраа өвдгийн тус газраа сунгаад алгыг дээш тосгосон нь энэ ертөнцийн мэргэдийг шид бүтээлийн дээд баяр хуримд урин дуудсан мэт агаад зүүн мутраа зүрхэн тус газраа авч эрхий, ядмаа бөгжлөн алгаа урагш хандуулсан нь энэ ертөнцийн аюул бүхнээс харсан бүгдийгээ авран сахина хэмээсэн андгай тангарагыг бэлгэдсэн болой хэмээн нэг амьсгаагаар дуржигнуулахад бүгд түүнийг амьсгаа даран сонсоно. Багш нь инээмсэглэн

- Дарагийн тайлбарласан бүгд үнэн. Өндөр гэгээн энэ бүтээлдээ хамгийн ариун цагаан бүгдийг шингээхийг эрмэлзсэн билээ. Та бүгд нэгэнтээ тангараг өргөн эрдэм номд шамдаж буй нь бүгд Дарь Эхийн үр удам байх ёстой. Дарь эхийн өргөсөн андгайг бид ч мөн зүрхэнээ санаж явах ёстой. Багш нь эрхий ядмаа бөгжлөн

-Энэ ертөнцийн аюул бүхнээс харсан бүгдийгээ авран сахина хэмээхэд бүгд адил үйлдэнэ.

Дара асарт завилан суун бясалгахад ямар нэгэн зүйл тээр болно. Урьд энэ уул, байгаль, уулаас буухад л урсах горхийг харахад хэзээ хэзээнээсээ тайвширлыг мэдэрдэг байсан ч одоо энэ бүгдээс зугтмаар санагдах нь нэн хачин. Эцэстээ ганц л хариулт олсон нь хэн нэгэн үргэлж харж буй мэдрэмжинд тухгүйр ч буйгаа мэдэрчээ. Яг энэ үед нэгэн Ани ирж бодлыг таслан "багш дуудаж байна" гэснээр босч багшийнхаа өргөө рүү алхахдаа "хэлье. хэн нэгэнтэй хамт байж чадахгүй нь" гэж бодон алхана. Багшийнхаа өрөөнд шаахайгаа тайлан ороход багш нь орон дээрээ хажуулдан хэвтэх аж. Ширээнээ бор цаас, бэх, судар бэлдэн тавьсанд Дара үг дуугүй ширээнд сууна.

-Энэ судрыг хуулан бичих үү? гэхэд багш нь үл мэдэг толгой дохив.

"Энэ судрыг Дара чээжилтлээ уншсанд судраа харахгүй цээжээр шахам бичин, бодолд дарагдана суулаа. Тэрбээр орж ирэхдээ хэлэх үгээ бэлэн байсан хэдий ч одоо юу гэж хэлэх учраа олж ядна. Багш нь хөдөлгөөнгүй чигтээ Дарагийн бодлыг үргээн

-Өрөөнд чинь хүн оруулсанд надад гомдож байгааг чинь мэднэ. Гэхдээ ингэх хэрэгтэй байсан юм. Чамайг бусдаас оюу ухаан саруул, аугаа мэргэн болно гэдэгт би итгэдэг. Мэдээж лам, гэлэнгүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөс нь нэгэн эмийг илүү гаргана гэдэгт хэзээ ч санал нийлэхгүй. Гэхдээ бүх үгээ дотроо залгиж сурч болохгүй. Хорвоо ертөнцөд мэдсэн бүхнээ дотроо тээн одож болохгүй шүү. Өөрийн үгээ хэлж сурах хэрэгтэй. Тиймээс л Лянхуаг чиний өрөөнд оруулсан юм. Ядаж л шавьтай болбол ам нээх хэрэгцээ бий шүү дээ хэмээснээр багш нь үгээ дуусгав. Дара багшийнхаа үгийг сонсон судар хуулахдаа "бадам" гэдэг үгийг "Лянхуа" гээд биччихэв.

-Багшаа... гэхэд өндийн суун Дара руу харлаа.

-Би нэг үг алдчихлаа гэхэд буцаж хэвтээд

-Ахиад бич гэв. Дараг гадагш гарахад шөнө дунд болж байлаа. Өрөөнөөс нь дэнгийн гэрэл асахыг харсанд цэцэрлэг рүү алхлаа. Түүнийг суудаг сандал дээр ирэхэд суудал дээр нь дөнгөж дэлгэрсэн байх гэмээр бадам лянхуа цэцэг хүлээж байх нь. Дара түүнийг харан мишээж гартаа аван доош уруудан голын тэнд аваачлаа. Усны тусгалд битүүрэх дөхсөн сарны туяа дөлгөөхөн мэлтэлзэн харагдана. Дара лянхуа цэцгийг горхинд тавин урсгахад

-Ингээд явуучихаж байгаа юм уу? би олох гэж яаж... гээд дуугүй болох чимээнээр арагш харвал Лянхуа зогсож байх нь тэр.

-Баярлалаа. Гэхдээ харсан бүхнээ авран сахина гээд эрхий, ядан хуруугаа нийлүүлэн инэмсэглэхэд Лянхуа мөн дууриав. Лянхуа хажууд нь суухад түүний төрх сарны гэрэлд улам үзэсгэлэнтэй харагдах аж. Лянхуа Дара түүнийг ширтэж буйг мэдэрэн мишээж түүн рүү асуун харлаа.

-Нэгэнтээ Зая бандид Янжинлхам бурханыг харсан юм гэнэ лээ. Түүний эгнэшгүй гоо үзэсгэлэнг нь биширэн дурласан тухай домог санаанд ороод...

-Намайг хараад тийм домог санагдана гэж үү?

-Түүний дүр тэргэл сарны гэрэлд гэрэлтэн харагдаж байсан гэдэг. Яг л чам шиг байх гэж бодогдоно.

-Надад дурлаж байна гэж үү?

-Үгүй ээ. Харин хайрлаж байна. Би ертөнцийн юм бүгдийг хайрладаг. Харин найз нөхөд хийгээд дурлал гэсэн онцгой харьцааг ойлгож чаддаггүй юм. Тиймээс л би өдийг хүртэл найзгүй байхдаа гэхэд Лянхуа нэг тамхи гарган асаана

-Энэ миний түвдөөс авчирсан сүүлийн тамхи. Одоо ахиж надад олдохгүй учир сүүлийнх гэсэн үг. Болно биз дээ хэмээн Дарагаас зөвшөөрөл эрэв. Дара толгой дохиход Лянхуа нэг хүчтэй сорон Дара руу сунгахад толгой сэгсэрлээ.

-Би энд ирсэнээсээ хойш арван хоёр жил цагаан хоол идэж байна, охид хааяа нууцаар махан хоол иддэг л юм. Би найзалдаггүй болохоор намайг дуудах биш. Тиймээс арван хоёр жил мах идээгүй хүн тамхинаас сорвол ухаандаа үхчихэж ч магад гэсэн үг л дээ.

-Зүгээрээ. Үхбэл би даана. Үнэн шүү гэхэд Дара тамхийг нь аван яаж гэж асуухад

-Агаар шиг л... гээд эрүүг нь өргөж өгөхөд нэг сорохдоо ханиалгасангүй цэвэр сорон манраад ирэв. Лянхуа инээн

-Тамхийг ч бас хайрлаж байна уу? гэхэд Дара инээн толгой дохилоо.

-Надад түвдөд найз байдаггүй байлаа. Хэсэг лам нар үе үе над руу сээтэн хаяна. Харин хэсэг нь гоо үзэсгэлэн хор адил лугаа гэж үздэг болохоор намайг үзэн ядна. Харин Хандмаа нар намайг завхай эм адил үздэгт бүгдийн дургүйг хүргэдэг байлаа. Эцэстээ тэвчих аргагүй болсонд ийш ирсэн юм гээд тамхиа хүчтэй сорон дуусгалаа. Хоёул өрөөндөө орж унтахаар хэвтэхэд Лянхуа хажуулдаж Дараг ширтэн хэвтэнэ.

***

Өглөө хичээлийн тэнхимдээ цуглартал Дарагийн суудал дээр бадам лянхуа цэцэг байсанд бүгд өөр хоорондоо шивнэлдэхэд Дарагийн царай барайгаад явчихлаа. Цэцэгийг авч багшдаа өгөхөд багш нь толгой дохин хажуудаа тавив.

Хичээл дээр Дара доош харан чихэнд нь юу ч сонсогдсонгүйд Багш нь Дараг дуудан

-Зая бандидын Янжинлхам бурханд зориулсан мөртөөс уншаадах гэхэд Дара барайн суусан хэвээр.

-Чадахгүй бол эндээс гар хэмээн уурсахад Дара уншиж эхлэлээ. Багш нь Дарад ийн хатуурхахыг харсан бусад нь айн ширвээтэнэ.

"...мянган навчит... гээд дуугаа хураахад бүгд түүнийг үргэлжлүүлхийг хүлээнэ. Түүнийг энэ судрыг чээжээр мэдэж буйг бүгд мэдэх учир ийнхүү гацахад сандаралдах аж. Дара үл мэдэг амьсгаа аван чангаар

"...мянган навчит лянхуа, сэрүүн гэрэлт саран суудалд цэнгэн сүндэллэсэн

Магад сэтгэлд зохист Янжинлхамын үзэсгэлэнт зөөлөн мутар шиг

Машид сайтар мөшөөсөн уснаас төрөгч залуу лянхуа цэцгийн

Мянган салаа, түмэн навчис зөөлөн бөгөөд эелдэг..."

хэмээн хоёр дугаар бадгаас нь уншин дуусахад багш нь өнөөх Лянхуа цэцгийн барин Янжинлхам бурханыг хэрхэн энэ цэцэгтэй зүйрлэсэнг тайлбарлахад Дарад тэр талаар юу ч сонсогдсонгүй. Хичээл тарахад хамгийн түрүүнд гарч цэцэрлэг орон амьсгаа авахад Лянхуа араас нь хүрч ирлээ.

-Би чамайг баярлана гэж бодсон юм сан гэхэд Дара нүдрүү нь ширтэнэ

-Чи түвдөд сурч байсан энэ түүхийг мэднэ тийм үү? Эсюны түүхийг мэдэх л байлгүй.

-Тиймээ юу гэж?

-Надад хэлээд өгөөч.

-Эсюн бол тэр сүмдээ хөөрхөн нэгэн гэлэнмаа байсан. Лам нар бүгд түүнд дурлаж нэг нь ганцаарчлан уулзахыг хүссэн захиа илгээдэг. Гэтэл маргааш нь Эсюн хичээлийн дараа босч захиа өгсөн ламд хайртай юм бол намайг яг одоо тэврээч гэдэг.

-Тиймээ. Яг наадах чинь. Хайртай юм бол ил тод хайрла тэгээд л болоо.

-Би чадахгүй ээ. гэж хэлэхдээ эгцэлж харж зүрхэлсэнгүй. Дара түүн рүү ширтэн

-Тэгвэл хайрлахаа боль хэмээн явахаар завдахад

-Тэрийг ч бас чадахгүй гэлээ.

You are reading the story above: TeenFic.Net