N°2 My Cinderella

Background color
Font
Font size
Line height

Эрт урьдын цагт Элла нэртэй охин амьдардаг байж. Гэвч энэ Элла та бидний мэдэх Элла охиноос тэс өөр намтартай нэгэн юм. Учир юунд оршино гэхээр энэхүү Элла айлын ганц охин бөгөөд хорон санаат хар дагины зарц хийн, ордон юуг нь нэгд нэгэнгүй цэвэрлэдэгт буй юм. Хар дагина тэрнийг өдөрт хоёр удаа хот руу явуулдаг байлаа. Эхний удаад хүнс цуглуулах бол дараахд нь эдлэл хэрэглэл авч ирүүлэхээр гаргана. Элла охин яагаад хар дагинын ордонд ирээд гацчихав гэж тунгааж буй байх.
   
    Элла охины эцэг эх туйлын ядуу, боловсролгүй мөн хар ажлаас өөр зүйл мэдэхгүй, хичнээн ажиллаад ч өлсгөлөнг давж чадаагүй тул Эллагийн эцэг эцсийнхээ аргыг хэрэглэн бие давхар эхнэртээ идэх зүйл олж ирэхээр хотын хамгийн хорон санаат, хүйтэн сэтгэлт хар дагина болох Сесилиагийн цэцэрлэгт нууцаар нэвтэрсэн юм. Хар дагины цэцэрлэгт байхгүй жимс, жимсгэнэ гэж үгүй бөгөөд Эллагийн эцэг, Харолдийн нүд сарны гэрэлд гялтайн харагдах гал улаан алиман дээр тусав. Ядарсан эр тэрхүү алимнаас нүдээ огт салгаж чадсангүй зөөлөн алхалсаар алимны модны урд очин зогсоод алимнаас дөнгөж л ганц ширхэгийг тасдаж авахтай зэрэгцэн Сесилиа хар утаа манантуулсаар гарч ирлээ. Их л ялдам хэрнээ хүйтэн хөндий хоолойгоор "Хэн миний үзэсгэлэнт эдлэнд халдан, хулгай хийж зүрхлэв?!" хэмээн уурсангуй асууна. Энэхүү хоолойг сонссон Харолд "Эрхэм хар дагина минь, өршөө намайг. Ядарч туйлдсан би бээр бие давхар эхнэрээ бодсондоо, түүнийхээ хэвлийд буй нялх үрээ бодсондоо л энэ хорвоогийн хамгийн амт, шимттэй зүйлийг аваачиж өгье гэж бодсон минь энэ. Энэ хорвоогийн хамгийн амттай, шимттэй үзэмж төгс бүхэн зөвхөн хар дагина таны эдлэнд байдаг билээ. Зүдэрсэн намайг өршөө." гээд доошоо бөхийтөл хар дагина түүний өөдөөс инээвхийлэн хэд гурав алхаад өмнө нь тулж ирлээ. Харин Харолдийн хувьд Сесилиаг алхах бүрт айсандаа гар нь чичирч, зүрх нь булгилж, нүдэнд нь нулимс дүүрч байв. Сесилиа хэдийн нэг зүйл бодсон бололтой "Муу хар дорд амьтан, чи сая эхнэр чинь хэвлийдээ нялх үр тээж байгаа гэж хэлэв үү? За яахав, тохиролцоо хийе." ингэж хэлэхийг сонссон Харолд түүн рүү айх, гайхах нь зэрэгцэн нүдээ бүлтэгнүүлэн ширтлээ. Хар дагина үргэлжлүүлэн "Чи, харц гаралтан минь сайн сонс. Чамд л өлзийтэй шүү. Эхнэрээ төрөх хүртэл миний цэцэрлэгээс хүссэн жимсээ, хүссэн хэмжээгээр нь аваад хооллож болно. Харин хариуд нь төрсөн нялх үрээ надад өгөөрэй. Би тэр үрийг юугаар ч үл дутаан амьдруулах болно." хэмээн Харолдийн өөдөөс ширтэв. Айсан эр уухайн тас зөвшөөрөн хүссэн жимснүүдээ аваад гэрийн зүг хурдалжээ. Удалгүй Элла ч төрөх болж хар дагина ч хүссэнээ авах гэж байж ядсаар. Намрын шуургатай тэр нэг өдөр, модны сүүлчийн навч унах үед хотоос зайдуу нэгэн овоохойд нялх хүүхдийн уйлах дуу хадсан нь Эллагийнх байлаа. Тэр өдөр Эллагийн эцэг эх баярлаж байсан ч дотроо битүүхэндээ хэзээ Эллаг нь хар дагина ирж авах бол гэдгээс санаа нь зовон айж байсан юм.

   Гэвч хар дагина ирсэнгүй. Энэ янзаараа арван өвлийг ардаа үдэв. Арван нэг дэх өвөл болж хүйтэн сэрүү орсон тул айлууд мод хагалж, нүүрс түлж эхэллээ. Энэ үеэр Элла охин аль хэдийн арван нэгэн нас хүрсэн том охин болсон байх аж. Тэрээр өнгөрсөн хугацаанд аавыгаа золгүй ослоор алдаж, ээжийгээ хүндээр өвдөхийг харсан тэрбээр наана цаана хэмээн жижиг сажиг ажил хийн арай ядан өдөр хоногийг өнгөрөөн наснаасаа эрт ухаан суужээ. Өвлийн ид дунд сарын цасан шуургатай өдөр гэгээ тасрахын алдад нэгэн зочин тэдний гэрт ирсэн нь хар дагина байлаа. Гэвч тэр хар дагина гэж харагдхааргүй үзэсгэлэнтэй бөгөөд гэрээ дулаацуулах гэж нүүрс түлж байсан Элла охин түүнд хаалга нээж өгөхдөө алмайраад зогсчихов. Сесилиа охиныг хараад "Охин минь, нүүрэн дээр чинь үнс." хэмээн арчиж өгөх гэтэл үнс нь арилсангүй харин ч улам нэмэгдчих нь тэр. Гэнэт Эллагийн өвчтэй эх хар дагиныг хараад "Элла, наад эмэгтэйгээсээ хол байгаарай. Тэр хар дагина байна!" хэмээн дуу алдаад газарт уналаа. Элла сандарсандаа нэг алхам хойшоо ухарсан ч Сесилиагийн үзэмж төгс төрхөөс нүдээ салгаж чадсангүй. "Ийм үзэсгэлэнтэй эмэгтэй яаж хар дагина байж болох юм бэ?" гэж бодсоор өвчтэй эх рүүгээ бага багаар ойртов. Эл явдлыг ажиж зогссон хар дагина "За, чи тэгхээр Элла байж. Чиний эцэг бид хоёр чамайг төрхөөс ч өмнө нэг тохиролцоо хийсэн юм. Одоо хараад байхад чи нүүрэндээ үнс наачихсан юм чинь Үнсгэлжин болчихож. Одооноос чамайг би Үнсгэлжин гэж дуудаж байх болно, хонгор минь. Өнөөдрөөс надтай хамт миний ордон руу яв. Хэрвээ тэгвэл энэ эгч нь чиний энэ өрөвдөлтэй, өвчиндөө баригдсан эхэд хангалттай тусалж, анхаарал халамж тавьж өгнө шүү." хэмээн инээмсэглэв. Элла охин ээж рүүгээ нэг харснаа Сесилиа руу харлаа. Ээж нь нэгэнт л тохиролцоо бол тохиролцоо гэсэн шиг түүн рүү харан толгойгоо дохив. Элла "Та үнэхээр ээжийг минь харж хандана гэж үү?" хэмээн хүүхдийн гэнэн хоолойгоор асууна. Хар дагина түүн рүү хараад толгой дохин гарнаас нь хөтлөөд гадагш гарлаа. Ингэхдээ тэрээр Эллад ээжийг нь асарна гэж амласан амлалтандаа хүрч гэрийг нь баян худалдаачны гэр шиг, ээжийг нь өвчнөөс салгаж орхисон бөгөөд хариуд нь ээжийнх нь ой санамжаас Эллаг арчиж хаяжээ. Ингээд Элла хар дагиныхаас өөр орон гэргүй болж тэндээ одоог хүртэл долоон жил хамаг муу муухайг нь хийн зарцлагдаж байгаа юм.

    Нэгэн өглөө Элла охин хот руу хүнс цуглуулах гэж ороод хачин жигтэй цуу яриа сонссон нь тухайн улсын ханхүү өөрийн ордонд сүйт бүсгүй сонгох үдэшлэг удахгүй зохиох гэж байгаа бөгөөд арван таван наснаас арван найман нас хүртэлх улсынхаа бүх охидыг урьсан тухай байлаа. Элла энэ тухай дуулаад яаран хүнсээ цуглуулан хар дагины ордонд очив. Тэр мэдээж очиж болох үгүйгээ Сесилиагаас асуух гэж их л бодлогоширч байсан юм. Гэвч тэр зориг гарган асуухаар шийджээ. Хар дагины өргөөнд үдийн зоогийг нь оруулж өгөнгөө боломжийг ашиглан асуутал тэр зөвшөөрсөнгүй. Мэдээж юу гэж зөвшөөрөх билээ. Өөрийнх нь нэг муу зарц хааны ханхүүгийн үдэшлэгт явна гэнэ. "Их юманд өөрийгөө санаж дээ." хэмээн хар дагина Эллад хэлэв. Элла сэтгэл дотроо зөвшөөрчих болов уу гэсэн горьдлоготой байсан ч талаар болсон тул ганцаараа байж болох ордны хэсэг рүү уйлан гүйлээ. Гэнэт хаанаас ч юм бэ ихээхэн гэрэл цацарсаар нэгэн хоолой сонстоод явчих нь тэр. Сайн харвал урт саваа барьсан хөх дагина байх аж. Элла нулимсаа арчингаа "Хэн бэ?" гэж асуутал нөгөө дагина өөрийгөө "Би бол хөх дагина, Белладон. Чамайг төрөх үед загалмайлсан эх чинь шүү дээ. Ээжээс чинь л өөрцгүй юм шүү." хэмээн зөөлөн инээмсэглэв. Хөх дагина Эллагаас юу болсон бүгдийг сонсоод түүнийг үдэшлэгт явуулахаа амлан бэлдэх ажилдаа оржээ. Элла ид шидийн зүйл нүдээ нээх хооронд болоод өнгөрнө гэж ойлгосон тул нүдээ анив. Чимээ гарсангүй. Элла хүлээж ядаад "Белладон эх минь, болсон уу?" хэмээн инээмсэглэн асуухад хөх дагины оронд "Дураараа нэвтрээд, дураараа зарцыг минь явуулах болоо шив." гэх Сесилиагийн хөндий хоолой сонстов. Эллагийн нүдэнд айдас хуржээ.

    Эргэн тойрноо ажвал хөх дагина аль хэдийн шилэн хөшөө болж. Түүнийг нэвт цаад хана туурга харагдаж байлаа. Элла айсандаа "Уучил эзэн минь, уучил. Энэ зарц тань үнэхээр том алдаа хийжээ. Өөрийгөө хэт өндрөөр үнэлсэн байна. Уучилж өршөө." хэмээн гуйлаа. Хар дагина түүнийг харснаа "Санаа зоволтгүй дээ, миний үзэсгэлэнт Үнсгэлжин. Анхнаас хайрлаж ирсэн үнэт эрдэнэ чамайг би яахан ханхүүд алдаж зүрхлэх билээ? Чамайг л хүлээж би өдий хүртэл амьдарсан шүү дээ. Миний хайрт Үнсгэлжин." гэж хэлээд түүнийг ид шидээр илбэдэн унтуулав. Элла зөөлөн орон дээр, гоёмсог өрөөнд, тансаг зэрэглэлийн хувцастай сэрлээ. Юу болсныг гайхаад ойлгохгүй байгаа тэрбээр дэмий л шал ширтэн сууна. Удалгүй Сесилиа түүний байсан өрөөнд үгээр хэлж барамгүй сайхан бялуу барин орж ирлээ. Түүнийгээ Эллагийн орны хажуугийн ширээн дээр тавиад шидэт саваагаараа дохин лаа гаргаж ирэв. Хар дагина Элла руу хараад "За хонгор минь, арван найман насны мэнд хүргье. Лаагаа үлээгээд намайг санаарай." хэмээн түүний уруул дээр үнсэх аж. Гайхаж балмагдсан Элла яахаа мэдэхгүй зогсож байснаа ямартай ч лааг үлээх зөв байх хэмээн бодож лааг үлээлээ. Гэнэт түүний тогойд маш олон зүйл хөврөн орж ирэх бөгөөд Сесилиа яагаад өөрийг нь гэнэт хонгор минь гэж дуудах болсон шалтгаан яагаад өөрт нь хайртай гэсэн шалтгаан бүгд орж ирэв.

    Элла төрхөөсөө өмнө шар дагина байж. Мөн тэр үедээ өөрийнх нь нэр Сариэлла байсныг, Сесилиа анх хорон санаат хар дагина байгаагүйг ч давхар санав.  Харин хар дагина улаан дагина байсан бөгөөд энэ хоёр эхлээд найзууд байсан ч сүүлдээ бие биенээ хориотой хайраар хайрлах болж. Гэвч дагинасын дунд энэ нь цаазаар авах хэмжээний ялтай нүгэл тул тэдний харилцааг мэдсэн дагинасын хатан, их дагина хоёр тэднийг салгах арга хэмжээ авч Сариэллад хор уулгажээ. Сесилиагийн нүдэн дээр энэ үйл явдал болсон бөгөөд хайртай нэгнээ нүдэн дээрээ алуулахыг харсан тэрбээр багтрах шахаж, зүрх нь зүсэгдэх шиг болсон тул уурандаа хатан, их дагина хоёрыг хөнөөж орхив. Дагинас бол хамгийн цэвэр ариун сэтгэлтэй оршихуй байдаг ч нэгэнт л зүрхэнд нь хар толбо суусан бол хар дагина болон хувирдаг учраас инээд баясал дүүрэн байсан улаан дагина хорон санаат хар дагина болон хувирчээ. Хар дагина Сариэллагийн үхлээс болоод өөрийгөө буруутган түүнийг буцааж авчрах арга болгоныг хайсаар шидэт ойн гүнд орших харанхуйн шидтэний ордонд байрлах хувь тавилангийн номноос шар дагиныг Эллагийн дүрээр төрөхийг мэдэж авсан аж. Дөрвөн зуун далан гурван жил Эллаг төрөхийг хүлээсний эцэст түүнийг авч, хажуудаа дасгаж, өсгөж байсан нь тэр буй. Мөнхүү хугацаанд Сесилиа бусдаас өөрийгөө тусгаарлаж, ордондоо өөрийгөө хорин эдлэндээ хэнийг ч ойртуулалгүй хөөж тууж, муухай аашилж, хулгай хийж, худлаа хэлсэн болгоныг шийтгэж байсан нь түүнийг хорон санаат, хүйтэн сэтгэлт гэх нэр авхад хүргэсэн байжээ.

    Өнгөрсөнийг санасан Элла, Сесилиа руу эргэлзэнгүй нэг харснаа түүнийгээ толгойноосоо авч хаян түүнийг шууд тэврэн авлаа. Хар дагины чихэнд "Ахиад уулзах шив дээ, хайрт минь. Чамд минь юу тохиолдоо вэ? Ийм байгаагүй шүү дээ." хэмээн шивнэхэд Сесилиа зөрүүлэн "Их олон зүйл болсоон. Чамайг минь тэд хэрцгийгээр хөнөөснөөс хойш..." гээд чимээгүй болов. Элла түүний нүүрийг хоёр гараараа барин "Шаналалд унасан чинь мэдэгдэж байна аа. Ярихыг бол дараа нь ярьж болно. Харин одоо тайвшраад гүнзгий амьсгал авах хэрэгтэй. Бид ахиад уулзсан нь л зол шүү дээ. Хонгор минь, бид хамтдаа байна. Энэ л чухал." гээд үнслээ. Хар дагина "Тийм дээ, хонгорхон Сариэлла минь." гээд инээмсэглэнэ. Элла түүний нүдрүү ахин нэг хараад "Одооноос Сариэлла гэж дуудах хэрэггүй. Элла гэвэл яаж байна?" хэмээн асуухад Сесилиа зөрүүлээд "Тэгвэл Үнсгэлжин гэвэл яаж байна? Миний үнсгэлжин..." гэхэд Элла "Тохирлоо." гээд түүнийг тэврэв. 

Төгсөв.

*Уншигчид бүх бичвэрийг уншиж 1-10 хооронд үнэлгээ өгөх ба бүх бичвэрийг уншиж оноо өгсөн тохиолдолд таны оноо тооцогдоно гэдэгийг анхаарна уу?*


You are reading the story above: TeenFic.Net