Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй - Милан Кундера

Background color
Font
Font size
Line height

2021
   Эл номыг бүрэн уншиж дуусчихаад олон хоног бодлогоширч байснаа санаж байна. Гурвантаа уг зохиолыг уншсан хэдий ч зохиолчийн хэлэх гэсэн санааг зах зухаас нь гадарлахтай болж байна. Үнэндээ би яаж ч уншиж ойлгохыг хичээсэн бүрэн гүйцэт ойлгоход надад амьдралын туршилга гээч хэрэг болно. Одоо дөнгөж л арван найман насны босгыг давж байгаа миний хувьд амьдрал хийгээд, түүний мөн чанарын тухай эргэцүүлэх хэт ахадсан байж ч мэдэх юм. Анх аз хурын хямдралын үед юу ч бодолгүй олон ном өвөртөлчихөөд тооцоогоо хийх үедээ л Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуйг авснаа анзаарч билээ. Хавтасны зургаас нь боллоод шууд л сагсалчихсан байж мэднэ. Хамгийн анх уншиж үзээд үнэнийг хэлэхэд толгой минь хоосорчихсон гэхэд болно. Гэхдээ шууд л ямар гээч садар самуун ном бэ? гэх бодол төрсөн. Дараа нь үйл явдлуудыг нэг нэгээр нь эргэцүүлж бодсоор уяалдаа холбоог нь гадарлаж эхэлсэн. Ухаж төнхөн унших тусам дүрүүдийн уяалдаа холбоо нь маш гүнзгий зөвхөн хайрын тухай бус тэдний харилцаа, нийгэм, амьдрах зорилго бүр цаашлаад хүн яагаад оршдог юм бол гэх бодолд хүргэсэн маш гайхалтай зохиол.
Номын үйл явдал Тереза Томас хоёрын хайр дурлалаас эхэлнэ. Эхний бүлэг тэр чигтээ Томас ямархуу хүн бэ гэх дүрслэлийг өгөх бол хоёр дахь бүлэг нь Терезагийн өссөн орчин өөрөөр бол тэр яаж бүтсэн бэ гэдгийг өгүүлдэг. Тэр хоёрын хайр дурлалын дараачаас Томасын амраг байсан,найз нь Сабина түүний шинэхэн амраг Франц, тэдний харилцаа хийгээд Сабинагийн тухай гарна. Үүний дараачаас эргэн Прагад байх Тереза болон Томас хоёрын ээдрээтэй хайр дурлал дээр ирэх бөгөөд тухайн үеийн Оросын дарангуйлалд буй Чех орныг дүрсэлдэг. Зохиол маань Терезагийн гэр бүлийн гишүүн мэт байсан дотны анд Каренин нохойны үхлээр өндөрлөдөг. Зохиолч зөвхөн хосуудын дундах харилцаа, амьдралын талаар гаргасангүй өөр олон дүрүүдээр хүмүүсийн төрх, үзэл баримтлал, тухайн үеийн Оросын түрэмгийлэл дэх Чехийн нийгэм хийгээд түүнээс нь болж хохирч буй олон сэхээтнүүдийн тухай бүр цаашлаад амьдралыг үзэх үзлийн талаарч дурдаг. Нэг талаар зохиолчийн хөнгөхөн философи яваад байх шиг. Нөгөө талаар хүчирхэг улсын нөлөөнд автаж тэдний эсрэг боссон, шүүмжилсэн сэхээтнүүдийг нухчин дарж буй арчаагүй засгийн газрыг харуулахын зэрэгцээ коммунизмийг шүүмжлээд ч байх шиг.
"Зохиолын дүрүүд хүмүүс шиг эхийн хэвлийгээс бус өмнө хэний ч нээж олоогүй, хэлээгүй, зохиогчийн дотор бүрэлдсэн хүний оршихуйн боломж, хувилбаруудыг агуулсан нөхцөл, байдал, өгүүлбэр, зүйрлэлээс мэндэлдэг юм." (Нобел, 2017)
Зохиолч Томасыг "Ганц гэдэг оргүйтэй адил" гэх үгээр зүйрлэдэг. Өөрөөр бол Томасыг амьдралтай, цаг хугацаа адилтгасан гэсэн үг. "Амьдрал гээч алавхийн замхраад эргэн хэзээ ч давтагдахгүйгээр үүрд алдууран үгүй бологч, тийм хөнгөн, яг л сүүдэр мэт, мөхөл нь урьдаас зураатай үзэгдэл" Зохиолч энэ өгүүлбэрээр л зохиолыг санааг атгаад гаргаад ирсэн аятай. Ихэнх номын төгсгөлд нь зангилаа хэсэг байдаг бол уг зохиолын хэсэгт гол санаа уг өгүүлбэрт байж. Анх уншиж байхдаа гол санааг нь ерөөс олоогүй энэ хэсгийг зүгээр л Ницщегийн мөнхийн эргэлтийн санааг урвуугаар тайлбарлаж байна гэж бодтол, хоёр дахь удаа уншихдаа уг өгүүлбэрийг анзаарсан. Зохиолч гол санаанаасаа гол дүрээ бүтээжээ. Харин Терезаг хүржигнэх ходоод буюу хүсэл тачаалаас бүтээсэн байх. Тереза Томас хоёрын хоёр дахь уулзалт дээр бүсгүйн ходоод маш чангаар дуугарсан болохоор түүнийг хоржигнох гэдэснээс бүтсэн гэдэг. Магадгүй тэдний эхний уулзалтаас эхлэн зохиолч зохиолынхоо хэсгийг сэдэвлэн бичсэн байж магад. Терезаг хүний амьдралд байх хүсэл тачаал бус зөвхөн Томасыг гэх хүслээр нь бүтээсэн. Томасын амьдралын зорилго бол бүсгүйчүүдийн мөн чанар "Би"-гийн давтагдашгүй байдлыг олж мэдэх байлаа. Харин Терезагийн зорилго бол ээжээсээ зугтан хувь зохиолоо өөрчлөх боломж олгосон Томасыг хайрлах байв. Зохиолч Томасын нууц амраг Сабинаг урвалтаар төлөөлүүлсэн. Харин миний бодлоор тэр урвалтыг бус хэвшмэл байдлаас зугтан гарагчийг төлөөлсөн. Түүний эцэг эх, их сургууль, ажил гээд бүгд л нэг хэвэнд цутгасан мэт байсан бөгөөд тэднээсээ зугтааж явсаар хожмоо Америкд очсон. Өөрөөр бол урвалт нь түүнд цутгамал нийгмээс зугтах боломжийг олгожээ.
Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй. "Зохиолч Томасыг оршихуйтай зүйрлэн түүн дэх хөнгөнийг амраг Сабинагаар нь, хүндийг эхнэр Терезагаар илтгэдэг (Ариунцэцэг, 2018)." Миний өнцгөөс Томас өөрийн секс нөхөрлөлдөө Тереза, түүнийг гэх хайрыг шингээж байгаа нь Томасын хувьд хүнд хэрэг, харин Томасаас хайр энэрэл хүсдэг ч түүнийгээ илээр хэлдэггүй Сабина бол түүний оршихуйн хөнгөн байв. Милан Кундера "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" гэж нэрлэсний утга нь магад дүр бүрт хүнд, хөнгөн, эсрэг тэсрэг зүйлс бий бөгөөд биенээ тодотгож, тэтгэж нөгөө талаар бага багаар шимэгчлэн устгаж байв. Тереза өөрийн ээж, хувь тавилангаас зугтааж Прагад ирсэн. Томасын секс нөхөрлөл гэгчийг мэдснээс хойш тасралтгүй хар дарж тэвчихэд улам бүр хэцүү болгож байв.Терезагийн амьдралын хөнгөн оршихуй нь Томас бөгөөд түүнтэй байна гэвэл нэг талаар тэсвэрлэшгүй ч нөгөө талаараа түүнд амар амгаланг бэлэглэнэ. Гол дүрийн залуугийн өнцгөөс эмэгтэйчүүдтэй зугаацах хөнгөн оршихуйд нь хүнд оршихуй болон орж ирсэн эхнэр нь түүний нэг талаар тэсвэрлэшгүй нөгөө талаар тэвчих ёстой зүйл байв. Сабина Чехээс дүрвэн Швейцарьт очоод Франц гэх эртэй харилцаатай болдог. Францийн хувьд эхнэр нь хүндийн хийгээд тэсвэрлэшгүйн туйл байв. Түүний амьдралд орж ирсэн Сабина бол хөнгөн хийгээд тэсвэрлэхүйц цаашдын амьдралаа холбомоор тийм л хүн. Харин Сабинад мөнөөх эр жинхэнэ тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй нь байж. Өөрөөр бол тэвчихийн аргагүй хөнгөн оршихүй хийгээд, тэсвэрлэх ёстой хүнд оршихуй дунд бидний амьдрал, хайр дурлал өрнөж байдаг. Зохиолч ийм өнцгөөс уг зохиолын нэрийг өгсөн болов уу? гэж бодож байна. Мөн дарангуйлал дундах Чехословак улс болоод тухайн үеийн коммунист дэглэм, нийгмийн ялзралыг ч хөнгөн, хүндээр илэрхийлж болно. Улс төрчдийн хувьд дарангуйллыг эсэргүүцэх нь хөнгөн агаад Оросын эрх мэдэлтнүүд тэдэнд тушаах нь хүнд ажээ. Иргэдийн хувьд орос, хийгээд чех улс аль аль нь хүнд тэвчих боломжгүй мэт сэтгэгдэл төрөх бол.  Эсэргүүцэгчдийн бүлгэм болон нууц албаны мөрдөгчид тэдний хувьд хөнгөн. Оршихуй байсаар цагт хөнгөн, хүнд тасралтгүй байсаар л байна. Гэхдээ шуудхан ингэж дүгнэж хэлэх нь буруу байх зохиолч "Paris Review"- т өгсөн ярилцгандаа "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" роман бол дүгнэж, цэгнэдэг хахир орон зай бус, харин таашаан зугаацаж, таамаг дэвшүүлдэг чөлөөт бүс юм хэмээсэн байдаг. Тиймдээ ч эргэцүүлэн тунгаан бодож олон өнцгийг харах хэрэгтэй. Милан Кундера романдаа Парменид, Ницщегийн мөнхийн эргэлт, эсрэг тэсрэг туйл гэх мэт гүн ухаантнуудын хувьд одоог хүртэл маргаантай байдаг сэдвүүдийг зохиолдоо шингээж өгсөн нь шуудхан дүгнэчхэж болохгүйг илтгэнэ.

Номон дээр гарах өөр нэгэн чухал санаа бол Der schwer gefasste Entschulss буюу хэцүү шийвэр. Үүнийгээ Бетховений "Es muss sein" гэх хийлийн дөрвөлд зориулсан сүүлийн бүтээлээр илтгэдэг. Тереза, Томас хоёр Оросын түрэмгийлэлийн үед хамтдаа Швейцарь луу дүрвэсэн. Тэнд гол дүрийн хоёр маань хамтдаа амьдралаа дахин эхлэх боломжтой байв. Сабина Женев лүү явчихсан тул ахин Терезад саад болох хүнгүй гэж бодсон. Хамтдаа амьдрана, хамтдаа жаргалтай байна. Гэвч бүсгүйн хувьд Цюрих эсрэгээр байлаа. Тэр өөрийгөө харь газар амьдрахад хүч дутмаг гэдгээ юу юунаас илүү мэдэрч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам түүнд улам бүр хэцүү болж эцэстээ эх орон руугаа буцах шийдвэр гарган Томаст ганц захидал үлдээгээд л Чех лүүгээ эргэж явсан. Энэ бол Терезагийн гаргасан хоёр дах es muss sein байв. Тэр өмнө нь бүх ачаагаа баглаад буйдхан тосгоноос хэнд ч хэлэлгүйгээр Прагыг зорьсон бол одоо Цюрихээс Прага луугаа эргэн явж байна. Шуудхан хэлэхэд эрх чөлөөнөөсөө татгалзаж байгаа гэхэд буруудахгүй. Томаст энэ нь маш хүндээр нөлөөлсөн. Үнэндээ ямар л эр нөхөр нууц амрагтайгаа буудалд хоночихоод (Сабина Женевээс Цюрихт ирсэн) гэртээ ирэхэд нь эхнэрийнхээ үлдээсэн захиаг хараад цочирдохгүй байх билээ. Үнэндээ түүнд Терезатай байх нь тайвширлыг мэдрүүлдэг байлаа. Бүсгүй буйдхан тосгоноос том цүнхтэй гэрт нь ирэхэд түүнд яг л сагстай хүүхэд хөвөөд ирсэн мэт мэдрэмж төрсөн бөгөөд түүнтэй цуг байхад хамт үхмээр санагддаг гэхэд буруудахгүй. Амиа хорлолт биш хамтдаа өтөлж насыг барна гэдэг утгаар. Тиймдээ ч Томас түүний араас Чех лүү буцсан. Эмнэлэгийн ажлаа орхих хэрэгтэй болоход захирал нь тун дургүйцсэн ч Томас тэр хоёрын
"Es muss sein"
"Muss es sein"
"Ja, es muss sein" гэх богинохон харилцан ярианд дарга нь түүнийг үлдээж чадахгүйгээ мэдэрсэн. Ёстой л хэцүү хийгээд хүнд шийдвэр. Номонд "Der schwer gefasste Entschulss" гэх өгүүлбэрийг хэцүү шийдвэр, хүнд шийдвэр гэж хоёр утгыг илтгэнэ гэсэн байсан. Романы хамгийн их таалагдсан хэсгээ нэрлэ гэвэл шууд л энэ хэсгийг нэрлэмээр байна. Бидний гаргаж чадах хамгийн хүнд шийдвэр бол магад эрх чөлөөнөөсөө татгалзах. Томасын хувьд энэ шийдвэр нь хүнд хийгээд хийсвэр шийдвэр байсан гэж миний өнцгөөс дүгнэж байна. Яагаад хийсвэр гэж үзэж байгаа вэ гэвэл эргэж очвол дахиж улс нь дүрвэхийг зөвшөөрөхгүй. Очлоо ч гэсэн бүх юм нь захиргаадлын шинжтэй ажилдаа орлоо ч харь улсаас эргэж ирсэн түүнийг тасралтгүй мөрдөнө. Тэр зөвхөн бүсгүйг гэх сэтгэлдээ хөтлөгдөн эх нутаг руугаа буцсан. Тереза тэвчихийн аргагүй хөнгөн оршихуйгаасаа зугтсан бол Томас хүнд хийгээд хийсвэр шийдвэр гарган түүн рүү очсон. Хөнгөн хийгээд хүнд. Зохиолын оргил хэсэг ч бус дөнгөж эхлэлд нь гарч буй энэ өгүүлбэрийн юун тийм онцгой юм бэ? гэж асууж магадгүй энэ нь зөвхөн арван найман настай гэнэн хүүгийн нүдээр харсан хайрынхаа төлөө хийсэн алхам л байсан юм. Тэр энэ алхмаа зөв эсвэл буруу гэдгийг огт мэдэхгүй ямар үр дагавар учрахыг нь ч мэдэхгүй гагцхүү амьдралынхаа "хүнд зорилго"-ын төлөө л хийсэн гэхэд болно.
Einmal ist keinmal. Нэг гэдэг оргүйтэй адил. Бид амьдралынхаа явцад гаргасан шийдвэрээ зөв эсвэл буруу байсан эсэхийг огт мэдэхгүй. Хүмүүн бид ганц л удаа амьдрах тул арай өөр шийдвэр гаргах нь зөв байсан буруу байсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Амьдрал гэдэг мөнхийн эргэлтэд бус зогсолтгүй урагшлах урсгал юм. Нэгэнт гаргасан шийдвэрийг өөрчилж үл болно. Тухайн үйл хэргийн эцсийг үзэж байж л зөв үү эсвэл буруу юу гэдгийг олж мэднэ. Хэрэв амьдрал давтагдаж, Ницщегийн хэлдгээр мөнхийн эргэлтийн урсгалд орчихвол арай өөр сонголт хийж өмнөх амьдралдаа хийж байсан сонголт, шийдвэрүүдээ зөв эсэхийг мэдэх боломжтой. Зохиолчийн хэлсэн энэ санаа нь амьдралыг үнэндээ тийм ч үнэ цэнэгүй, утгагүй гэх далд санаа ч байж болох юм. Ганц удаа амьдарч байснаас амьдраагүй нь дээр. Эсвэл үүний яг эсрэгээр ганцхан олдож байгаа амьдрал учраас илүү үнэтэй, зорилготой, хөдөлгөгч хүчтэй байх ёстой гэх санаа ч байж магад. Томасын эмэгтэйчүүдийн "би" гэх давтагдашгүй мөн чанарыг олж мэдэх сониучхан байдал, Терезагийн ээж шигээ болохгүй юмсан гэх нууцхан хүсэл, Сабинагийн чөлөөт амьдралыг хүсэмжлэх нь тэдний болоод уг зохиолын хөдөлгөгч хүч байлаа. Терезагийн хөдөлгөгч хүч харин гурвантаа өөрчлөгдсөнийг хэлмээр байна. Яг л сордог элс мэт түүнийг өөртөө татаж байдаг буйдхан тосгон, ээжээсээ, хорих лагерь мэт гэрээсээ зугтах нь түүний эхнийх, ээж шигээ нас ахин эрээ цээргүй, ичиж зовохоо мэдэхгүй болох хүсэл нь түүний хоёр дахь, гурав дахь нь тэдний нохой Карениныг өөд болоход Томаст өртэй мэт санагдан үлдсэн амьдралаа түүнд зориулж жаргалтай амьдруулах гэсэн хүсэл нь байв. Магадгүй зохиолч үүгээр бидний амьдралд өөрчлөлт гарах бүрд зорилгууд маань шинэчлэгдэж өөрчлөгдөж байдгийг харуулсан биз. Терезагийн хувьд тэр өөрчлөлтүүд нь Томастай учирсан "зургаан давхцалын уулзалт", уурын газар харсан гуч орчим насны хүүхний инээмсэглэл, Каренины үхэл байв. Зургаан давхцалын уулзалтаар насны ханьтайгаа учирсан бол гуч эргэм насны махлаг эмэгтэйн инээмсэглэл түүнд хүн бүрийн бие адилхан гэдийг ойлгуулахад дөхөм болсон, каренины үхэл амьдралд ямар үнэт зүйл байгааг ухааруулжээ. Томас болоод Сабинагийн хувьд амьдралын хөдөлгөгч хүч нь огтоос өөрчлөгдөөгүй гэхэд болно. Сабинагийн эрх чөлөөтэй байх хүсэл нь эцэстээ булшний хүнд чулуунд даруулахгүй өөрийгөө хөнгөн оршихуйд хувилах хүсэлд хөтөлж үхэл түүний хувьд айдасыг бий болгожээ. Тиймдээ ч нас барсныхаа дараа өөрийгөө чандарлаж, салхинд хийсгэхийг хүсэв. Энэ нь түүний хүнд булшний чулуунд даруулахгүй хөнгөнд хувилах ганц боломж байлаа. Тэр Томас, Тереза хоёрын өөд болсныг мэдээд Парисын оршуулгын газар бодлогоширон явж байхдаа нэгэн оршуулгыг нүдээр үзээд ийн шийдсэн билээ. Булшны нүх нь их гүн, дотор нь байгаа бүрлээчийг наанаасаа хэзээ ч битгий гарч ир гэсэн аятай хүнд чулуугаар дээрээс нь дарж буй Сабинагийн эрх чөлөөнд халдаж байгаа аятай санагдсан байх. Гэвч роман дахь дүрүүдийн үхлээс үнэндээ юу үлдэв? Тереза, Томас ч каренин ч бүгд үхсэн. Тереза, Томас хоёр эцсээ хүртэл хамт байж бяц дарагдан өөд болсон. Ядаж л хамтдаа юм даа. Нохой тэр гурав Прагаас жижиг тосгоны хамтрал хүртэл уруудсан ч эцэстээ бүгд аз жаргалтай байсан. Тэднээс үлдсэн зүйл бол хөнгөн оршихуй. 
Тэдний бүтээсэн бяцхан хөнгөн оршихуй.
Романы оргил хэсгийг тодорхойл гэвэл Томас Прагын эмнэлгийн мэс засалчаас, хамтралын портерын жолооч болсон үйл явдал. Ингэтлээ уруудсан явдал нь Эдип хаан байлаа. Яг асуудлыг бүхлээр нь харвал Чехийн арчаагүй засгийн газар л даа. "Юу хийснээ ойлгож ухаараагүй хүнийг шийтгэх нь балмад явдал" гэх утгатай нийтлэл хэвлүүлсэн юм. Эдип үнэндээ эцгээ хөнөөж, эхтэйгээ амрагласнаа өөрөө ч мэдээгүй байсан. Энэ нь Томаст сэтгэгдэл төрүүлж удтал бодсны эцэст нийтлэл хэвлүүлсэн. Гэвч сонины газар нийтлэлийг нь өөрчилснөөс болж(коммунистуудын нүдийг сохолбол таарна гэх утгатай болгосон) эмчийнхээ ажлыг хийх аргагүй болсон. Томас үзэл бодлоосоо ухарсан няцаасан бичиг бичиж өгөөд эмнэлэгтээ үлдэж болох байсан. Тэгвэл түүний хувьд амиа хорлосноос өөрцгүй байв. Хэрэв сонины газар түүний нийтлэлийг бүрэн эхээр нь нийтэлсэн бол тэр цонх угаагчийн ажил хийхгүй(Гэхдээ миний бодлоор Томаст энэ ажил таалагдаж байсан. Яг л амралт шиг) байлаа. Эсвэл нууц албаны хүмүүс түүнийг зогсоо зайгүй мөрдөж үзэл бодлоосоо ухарсан бичиг, бүр цаашлаад коммунизмыг дэмжсэн бичиг үйлдэхийг шаардаагүй бол тэр хэдэн хүний амь аврах байсан бол. Давхцал гэдэг ийм л зүйл. Гэнэтийн бөгөөд тааварлашгүй. Анх Тереза Томас хоёрыг учруулсан шигээ эмчийн ажлаас нь салгаад хаячихдаг. Тереза ч мөн тэр нууц албаны нөхдийн хараанд ороогүйсэн бол Прагаас явах байсан гэж үү? Эерэгээр харвал тэд хамтралд очоод жаргалтай байсан. Арай өөр жаргал эмчийн ажлаасаа авдаг бус амар амгалангаас авдаг жаргал шиг. Яг л өөрсдийн бүтээсэн бяцхан ертөнцөд буй эгэл хосын аз жаргалыг мэдэрдэг. Тэдний үхэл ч мөн хамтдаа амар амгалан хийгээд жаргалтай байсан. Терезагийн хүслээс болж хүүхэдтэй болоогүй хэдий ч тэдэнд каренины өгдөг аз жаргал хүүхдээс дутахааргүй байлаа. Дөрөвдүгээр бүлэгт хөөрхий хэрээг хэсэг хүүхдүүд шороонд булж алах гэж байсныг бүсгүй нүдээр үзсэнээс хойш хүүхэдтэй болохгүй гэж шийдсэн. Бидний нүднээс далдуур нэгнийгээ зодож байх ч юм билүү. Гэсэн ч каренин ч мөн цаг хугацааны эрхэнд өнгөрсөн. Түүнээс хоёр зөгий, нэг ороомог л үлдсэн. Ингээд харахаар бидний амьдрал давхцал, эсрэгцэл, цаг хугацааны гурвалжин дунд эргэлдэж байдаг бололтой.
Зохиолч уг номондоо амьдралыг олон талаас нь харуулахыг хичээсэн бөгөөд суут философичдийн маргаантай санаануудыг шингээж өгсөн нь зохиолыг тун чиг гоёмсог болгосон. Унших явцад амьдрал гэдэг үнэ цэнэгүй ч юм шиг, дүрүүдийн зангилаа амьдралын өрнөлийг нь харахад ямар баялаг гэдгийг мэдрэх шиг. Бүрлээчдээс юу үлдсэн бэ? тэдний оршихуйн дундах хөнгөн хийгээд хүндийн ухагдахууны зангилаа цагийн эрхээр замхран одох дурсамж л үлддэг гэдгийг нууцханаар илэрхийлсэн билээ. Романыг бүхэлд нь авч үзвэл коммунизм, эрх чөлөөг ч мөн дурддаг. Гэвч шуудхан үгүйсгэж гутаан доромжилсонгүй. Давхцалын учрал ёсоор нэг сөрөг юм тохиоход нэг сайхан давхцал заавал ирдэг гэх санаа шиг Оросын түрэмгийлэл байгаагүйсэн бол, нууц албаныхан байгаагүйсэн бол Тереза Томас хоёрын хөнгөн хийгээд хүнд мөн чанаруудын дундах оршихуй байх байсан болов уу? эгэл аз жаргал нь тэдэнд ирэх байсан болов уу? Зохиолчийн хэлж байсаар уг романыг дүгнэн цэгнэх нь тохиромжгүй тул өөрийнхөө өнцгөөс бичсэн бяцхан бичвэрээ энэ хүргээд өндөрлөе.


You are reading the story above: TeenFic.Net