13. Бэртэй болох нь

Background color
Font
Font size
Line height

Хэжин ээжийнхээ хэлсэн үгэнд итгэж чадсангүй. Ээж сая юу гээд хэлчих вэ?

"Ээжээ" Хэжин үгээ удаанаар хэлэн царайгаа гайхшралаар солиход ээж нь охиныхоо гарыг атгаад

"Ээж нь бүгдийг нь мэдсэн. Жимин гэдэг нэг залуу над руу залгаж хэлсэн юм. Тэр өөрийгөө Юнгигийн туслах гэж хэлсэн. Тэр залууг жирийн хүү биш гэдгийг нь би мэдээд байсан юмаа. Чамайг тэр залуугийн гэрт амьдрангаа ажиллах талаар зөвшөөрөл хүссэн. Эхэндээ би гайхаж бас эсэргүүцэж байсан ч тэр хүүд чамаас өөр хэн ч таалагдаагүй юм гэсэн. Ким настны хэлсэн үг үнэн байж" гэсээр ээж нь бөөн баяр болсон харагдаж байлаа.

Хэжин одоог хүртэл гайхшрал дундаа төөрсөөр. Ким настан чинь Бусаны хамгийн агуу бөө биш билүү? Ээж түүнээс яг юу сонссон болоод ингэж их баярлаад байдаг байна аа гэж Хэжин бодол боллоо.

"Ээжээ, үнэхээр та зөвшөөрч байгаа хэрэг үү?" Хэжин ер нь бол ээжийгээ эсэргүүцэх талаар нь бодож байсан ч тэд түрүүлээд ээжид нь хэлчихсэн гэж тэр ердөө ч бодоогүй юм.

"Тэр Юнги гэдэг хүүг чи аварсан нь хувь тавилан байх" гэсээр ээж нь гадуурх хүрмээ тайлаад Хэжинд өглөө. Хэжин бага зэрэг урам нь хугарч байсан ч ээжийгээ баяртай байгааг хараад бас ажилтай болсноо мэдээд жаахан ч атугай тайвшрахаар хичээлээ.

"Ээжээ. Эгч Сокжин эмчээс бэлэг авсан байна лээ. Та үзүүлээч" гэж Хужин уур амьсгалыг арай өөр тийш шилжүүлэх санаатай Хэжиний бугуйн цагийг сануулан хэлэв. Харин Хэжин түүнийгээ тайлаад ээждээ өгөхдөө бүхнийг хэлж өгсөн юм. Харин ээж нь түүний ярьж дууссаны дараа бугуйн цагийг буцан түүний гарт зүүлгэж өгөхдөө "Тэр эмч үнэхээр сэтгэлтэй юм байна. Харин чи баярлалаа гэж дараа нь хэлээрэй" гэж хэлэв

Хэжин толгой дохиод ээжийнхээ хувцсыг өлгүүрт өлгөөд дараагаар нь гал тогооноос ээжийнхээ уух дуртай цайг нь аягалсаар ирэхдээ "Ээжээ. Өнөөдөр би Хужины сургууль дээр очсон" гэв. Энэ удаа Хужины царай бага зэрэг улаан болсон ч тэр тийм ч санаа зовсон харагдсангүй.

"Нээрээ нөгөө самбар юу болсон?" гэж асуухдаа ээж нь Хужин руу харав. Харин Хужин мөрөө хавчаад юу ч дуугаралгүй цүнхээ уудлан хичээл номоо гаргаж ирэн дэлгээд уншиж эхэллээ. Хэжин түүн рүү дооглонгуй харж инээгээд

"Багш нь өөрөөр нь засаж янзлуулсан гэсэн. Тэгээд дараа нь багш нь түүнийг нэг олимпиадад оролцуулахын тулд давтлагад явуулах талаар надаас асуусан юм. Харин би Хужинаас өөрөөс нь асуугаарай гэж хэлсэн" гээд тэр ээжийнхээ урд хоолыг нь тавив.

"Хужин, чи юу гэж бодож байна. Юуны олимпиад юм бэ?" гэж ээж нь Хужинаас асуухдаа хоолоо ганц хоёроор халбагадав. Хужин хичээлдээ мундаг учир юунд ч ороход буруудахгүй тул багш нар нь түүний толгойг ашиглахыг хүссэн нь энэ билээ.

"Математикийн олимпиад. Энэ жил надаас ч айхтар хүүхдүүд оролцоно гэж манай ангийнхан хэлж байсан. Харин би орох эсэхдээ эргэлзээд л байна" гэж тэр номоо харсаар хариуллаа.

Ийнхүү гэр бүлийн яриа өрнөсөөр унтах цаг боллоо. Хэжин маргаашдаа бэлдэж өөрийнхөө өмсөх хувцсаа бэлдэхдээ ээжийнхээ захин хэлж буй үг бүрийг толгойдоо тогтоон авахыг хичээж байлаа. Ээж нь түүнийг айлын юм хагалж буруу зүйлийг нь оролдов гээд л аль болох эрсдэл бага хийж бичгийн буюу ажлын өрөөнд нь бага орохыг сануулсаар байлаа. Гай болж ямар нэгэн юм алга болвол яана гэсэн айдас ээж төдийгүй Хэжинд хүртэл төрж байв.

Маргааш өглөө нь Хужин гүн нойрондоо инээсээр унтаж байх бол Хэжин ээж хоёр аль хэдийн сэрчихсэн байлаа. Тэр хоёр салах ёс хийж өдөр бүр утсаар ярьж байх тухай ярилцаад Хэжин өөрийнхөө цүнхтэй хувцсаа аваад Юнгигийн маш үнэтэй тансаг байр руу зүглэв. Түүнийг гэрээс гарахад аль хэдийн үүрийн 5 цаг өнгөрч байх бөгөөд яг энэ үеэр автобуснууд хөдөлж эхэлдэг юм.

Ганнам орох автобусанд суун гучхан минутын дотор оччихов. Өглөө эрт учир тийм ч их машин байхгүй байсанд тэр бурхандаа талархаж байлаа. Тэрээр өнөөх байрын гадаа ирээд хэсэг гүнзгий амьсгаа авав. Тэр өөрийгөө ийм шийдвэр гаргасанд ер нь бол дургүй байсан. Гэвч ээж нь үүнийг баяртайгаар хүлээн зөвшөөрсөн.

Хамгийн их итгэж байсан хүн нь яг л түүнийг хуураад зарж байгаа мэт мэдрэмж түүний дотрыг шатаах мэт болсон ч ээжийгээ тэр хэзээ ч тэгэхгүй гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрч мөн тэр мэдрэмж нь их хүчтэй байсан тул тэр бодлоо өөрийнхөө толгойноос үлдэн хөөлөө. Тэрээр гараараа хоёр хацраа зөөлхөн алгадаад нүдээ анин өөртөө амжилт хүсэв.

Түүнд явуулсан гэрийн кодыг хийж дотогш ороод аль болох чимээ анир гаргахгүй байхыг хичээж эхлэв. Учир нь тэр Юнгиг унтаж байгаа байх гэж бодлоо. Тэр гал тогооны өрөөнд ороод хөргөгч онгойлговол өчигдөр нь л хоосон байсан хөргөгч бараг нэг ширхэг зайдас ч багтахгүй болтлоо дүүрчихсэн байгааг харахдаа хөлдөж орхив.

Хэжин анх удаа гэхэд бараг л болохоор маш олон хэрэгтэй хэрэггүй хүнсний ногоо, амттан бас ус ундаа, шар айраг олж харсан юм. Доод талын хэсэгт махан овоо гэмээр маш олон төрлийн мах өрөөстэй харагдав. Энэ бүхнийг харсан Хэжиний эрүү газарт наалдахаа шахав. Тэрээр толгойгоо нэг сайн сэгсрээд өглөөний цай бэлдэх хэрэгтэйгээ санав.

Нэг хэсэг минутын дараа тэр өглөөний цайнд уухад тохиромжтой шим тэжээлтэй шөл хийж, өндөгний хуймаг шарж байтал ард талд нь хэн нэгний хоолойгоо засах дууг сонсоод цочиж орхив.

Үнэндээ Юнги өнгөрсөн шөнө огтхон ч цурам хийгээгүй бөгөөд Жиминд ээжээс нь зөвшөөрөл ав гэж хэлсэн юм. Тэгээд тэр Хэжинийг хэзээ ирэх тухай бодсоор байгаад үүр цайтал орон дээрээ хэвтсэн. Гэтэл гадаах хаалга онгойх дуунаар түүний анилдаж эхэлж байсан нүд сэргэж дээшээ өндийхдөө өөрийгөө баярлаж байгаагаа анзаараад тайвшрах гэж хичээлээ. Тэр өрөөнөөсөө гарах талаар хэсэг минут бодолхийлэв.

Төд удалгүй ямар нэгэн зүйл хэрчих чимээ гарч тэр Хэжинийг өглөөний цай хийж байгааг төвөггүй мэдэв. Гадаа аль хэдийн нар манджээ. Амтат шөлний үнэр бас ямар нэгэн гайхалтай амттаны шарагдаж буй чимээ болоод үнэр Юнгигийн өрөөнд хайр найргүй орж ирэн түүний ходоодыг ажиллуулаад эхэлчхэв.

Юнги яагаад гэдгээ өөрөө ч сайн мэдэхгүй байгаа ч тэр их л чимээгүй өрөөнөөсөө гарах бөгөөд гал тогооны өрөө рүү зүглээд хэзээ ч харна гэж бодож байгаагүй тийм л дүр зураг харсан юм. Өөртөө тохирсон хормогч өмсөөд цаашаа харан зогсож, үсээ дээшээ шуун эв хавгүй ороон боож, ямар нэгэн зүйлийг нухацтай хийж буй үзэсгэлэн гоо охиныг олж харна гэж тэр бодоогүй биз.

Тэр энэ сайхан үнэрийг үнэртэж, харц нь тэр сайхан хүзүүг хараад өөрийн эрхгүй хөшиж орхисон байлаа. Хэжин шарж байсан зүйлдээ хамаг анхаарлаа хандуулж байсан учир ардаа байсан хүнийг анзаараагүй юм.

Юнгигийн хоолойгоо засах чимээ түүнийг цочоосон бөгөөд Хэжиний цочиж буйг харах Юнгид яагаад ч юм их хөгжилтэй санагджээ. Тэр эргэж хараад түүнтэй харц мөргөлдөхдөө төв царайгаар саяын хөгжилтэй царайгаа сольж амжив.

"Уучлаарай, би таныг сэрээчихсэн үү?" гэж Хэжин даруухан бас албархуу хэлэхэд Юнги юу ч хэлэлгүй гал тогооны өрөөнд орж ирээд ширээний ард суув.

"Таны өглөөний цай удахгүй бэлэн болно. Та жаахан хүлээчих" хэмээн Хэжин үргэлжлүүлэн хэлээд шарж буй зүйл рүүгээ эргэн харлаа. Юнги түүний хүзүүнээс яагаад ч юм харцаа салгаж чадсангүй. Түүний хүзүү тийм ч урт биш хэрнэ нарийхан бас бэлхүүс ташаа цээж гээд тэр үнэхээр төгс биеийн галбиртай юм. Царайг нь ярих ч хэрэггүй биз.

Юнги өөрийгөө хэзээ ч эмэгтэй хүний тухай ийм юм бодно гэж бодож байсангүй. Тэр өөртэйгөө одоог хүртэл дайтсан хэвээр. Харин Хэжинд эвгүй санагдах ажээ. Ардаас нь хэн нэгний аймшигтай цоолох мэт харц төөнөж байхад тэр яаж хоолондоо хамаг анхаарлаа хандуулах билээ. Гэсэн ч тэр биеэ барин түүнд хоолыг нь аягалж өглөө.

Юнгигийн урд түүний арааны шүлсийг асгаруулах гайхалтай сайхан шөл болоод өндөгний хуймаг хүрэлцэн ирэв. Хэжинийг түүний урд аягтай хоол тавихад Юнги гарыг нь цоо ширтэнэ. Хэжин гараа хараад яасныг нь гайхаж орхилоо. Гэсэн ч тэр үүнд санаа зовох хэрэггүй биз.

Юнгиг хоолоо идэх гэж халбага авах үед Хэжин түүн рүү харсаар л байлаа. Түүний хоол түүнд таалагдах эсэх нь Хэжинд их чухал. Юнги эхлээд жаахан хачин царайлсан ч төд удалгүй тэр хоёр сарын өмнө амсаж байсан өнөөх гайхалтай амтыг мэдэрсэн юм. Халуун дулаан мэдрэмж түүний дотрыг дулаацуулах шиг л боллоо. Гэсэн ч тэр өөрийнхөө царайг сайн хянаж чадаж байв.

"Юу. Амттай байна уу?" гэж Хэжин аяархан асуухад Юнги мөрөө хавчаад "Яахав, идэж болохоор л юм" гэв.

Энэ хариулт Хэжиний хамаг уурыг хүргэж орхилоо. Гэсэн ч тэр тэвчих хэрэгтэйгээ санав. Хэжин энэ удаад хоолойгоо засаад түүнээс аль өрөөнд байх талаараа асуухаар болов.

"Юу? Би аль өрөөнд..." гэж Хэжинийг хэлтэл түүний хоолыг амтархан идэж байсан ч төв царайтай сууж байсан Юнги чимээгүй л суугаад байв. Энэ үед Хэжин ахин үг дуугарсангүй.

"Хамгийн мухрын өрөө"

Хэжин түүний хэлснийг сайн сонслоо. Тэр түүн рүү бөхийсөөр үүдэнд байсан өөрийнхөө цүнхтэй хувцсаа аваад одооноос эхлэн байрлах өрөө рүүгээ зүглэв. Тэрээр Юнгигийн хэлсэн мухрын өрөөнд ороод алмайрч орхив. Дизайн нь эрэгтэй бас эмэгтэй ч хүнд зориулагдсан хийцтэй жирийн нэгэн унтлагын өрөө харагдав. Өчигдөр тэр энэ өрөөг цэвэрлэж байхдаа анзаараагүйгээ мэдсэн юм.

Энэ өрөө үнэхээр даруухан хийцтэй бөгөөд жижиг ор бас хичээлийн буюу ажлын ширээ харагдав. Түүнд яг л тохирох өрөө. Шүүгээ нь хүртэл том ч биш жижиг ч биш яг л дунд зэргийн хэмжээтэй нь Хэжинийг инээмсэглэлүүлэхэд хүргэнэ.

Тэрээр өөрийнхөө хувцас хунарыг янзалж дуусаад өрөөнөөсөө гараад гал тогоо руу ортол Юнги аль хэдийн хоолоо идэж дууссан байх ба гал тогоонд түүний сүүдэр ч харагдсангүй. Хэжин үлдсэн хоолоо хараад өлсөж буйгаа мэдрэв. Өөртөө хоол аягалаад хоолны ширээний ард суугаад идэж эхлэлээ.

Яг энэ үед Юнги хослол өмсөөд гарч ирж байгааг ч тэр анзаараагүй юм. Юнги түүнийг хоолоо амтархан идэж буйг хараад өөрийн эрхгүй нүүрэн дээрээ инээмсэглэл тавив. Хэжин түүнийг гарч ирснийг хараад дээшээ босоход Юнги инээхээ болиод "Зүгээрээ хоолоо ид. Би өнөөдөр орой ирнэ" гэсээр тэр гэрээсээ гараад явлаа.

Хэжин түүний гэрт өдөржингөө угааж цэвэрлэсээр байлаа. Сая л нэг юм дуусаж тэр ээжтэйгээ утсаар ярих завтай болов.

Харин нөгөө талд Юнги ажлаа эрт дуусгахын хүслэн болж байлаа. Тэр дахиад тэр сайхан дүр зургийг харахыг хүссэн нь энэ байв. Энэ хүслийг түүнээс өөр хэн ч мэдэхгүй байгаа нь сайн хэрэг. Харин Намжүн түүнийг гадарлаж эхэлжээ.

"Та нар Юнгиг гэр лүүгээ яарч байгааг нь харж байна уу? Бид удахгүй нэг бэртэй болох нь дээ" гэж тэр их дооглонгуй хэр нь хүссэн өнгөөр хэлэхэд Жонгүг Жимин хоёр ч бас толгой дохив.

Харин Жонгүг ямар нэгэн зүйлийг турших санаатай Юнгигийн өрөөнд орж ирлээ.

"Ах аа. Өнөөдөр бид нар нэг газар суух гэж байгаа. Та цуг явах уу?" гэж Жонгүг түүнээс асуухад Юнги урьдын адил зөвшөөрөх эсэхийг үзэхийг хүсэв. Өмнө нь Юнги дуртай зөвшөөрдөг байсан ч удалгүй яваад өгдөг байсан. Харин энэ удаад зөвшөөрөх эсэх нь тэдэнд их сонирхолтой санагджээ.

Яг энэ үед Юнгигийн утсанд мэдэгдэл ирэв. Юнги түүнийг хараад яагаад ч юм хөмсгөө зангидаад эхэллээ. Жонгүг түүний утсанд ирсэн зурвасыг харахаар сонирхол нь хөдлөн сэмхэн ард нь ороод харвал Хэжин нэг залуутай гар барьж бас инээмсэглэж буй зураг харагдав.

You are reading the story above: TeenFic.Net