8. Сонирхол өөр

Background color
Font
Font size
Line height

Хаан эзэн Гэрэлт саран асарт таван удаа зочиллоо. Тэр хааяа нэг тусгай өрөө захиалан ганцаарчилсан үзүүлбэр үздэг боловч ихэвчлэн нийтийн танхимд суугаа харагдана.

Тэр хэдийгээр Улаан сарнай гэж нэрлэгдсэн бүсгүйн төлөө өрөөнийх нь гадна дугаарлаж зогсоогүй боловч, урд нь бүжих бүжигчнээс илүү тэр өрөө рүү харц гүйлгэн суудаг нь түүний дотор ямар их сонирхол, орж үзэх гэсэн хүсэл буцалж байгааг харуулна.

=================

Сүрёоны талаас:

Гадаа дугаарлан зогсоо эрчүүдийн дуу бүдэг бадаг сонсогдоно. Хаан эзэн ямар ч байсан нэлээд хэдэн удаа манай асарт ирсэн болохоор түүний сонирхол бүрэн татагдаж байгаагийн шинж. Гэвч төсөөлж байсан шиг минь эрээ цээргүй дайрахгүй байгаа нь сонирхолтой санагдлаа. Магадгүй би хааныг хэт шалиг гэж төсөөлсөн байж ч мэдэх юм.

Гэвч төсөөллөөс минь жаахан өөр байлаа гээд ялагдсан гэсэн үг биш. Надад хааны барих гэж хичээж байгаа хүсэл тэмүүллийг нь улам бүр өрдөх сайхан санаа бий.

"Эгчээ" гэж зөөлөн дуудахад өрөөний минь цаана байрлах нууц өрөөнөөс авга эгч гарч ирлээ.

Авга эгч "Хаан таван удаа ирлээ. Гэвч нэг ч удаа энэ өрөө рүү орох гэж хүсэлт тавьсангүй. Одоо тэгээд яах гэж байна?" гэж асуугаад урд минь суув.

Би "Хувцас хийлгэж байхад нэг хувцас тусгайлан хийлгэснийг санаж байна уу?"

Авга эгч "Тийм ээ, их гоё хувцас"

Би "Түүнийг аваад ир, одоо Хаанд өөрийгөө харуулах цаг болсон"

Авга эгч "Хааныг гуйлгана гээд байсан, өөрөө очих гэж байгаа хэрэг үү?"

Би "Хаан дээр биш өөр хүн дээр очно" гэж хэлэхэд эгч ойлгоогүй болохоор нэлээд гайхсан байдалтай гараад явлаа.

===============

Алтан утсаар хатгасан, алтан нарны хээ бүхий цагаан шаргал хормой, хормойгоосоо уусан дээш цайсан бага зэрэг гэрэлтдэг цагаан өмсгөл, үснийхээ гоёлтой хоршин ижилсүүлж хатгасан цэцгэн хээ зүүн энгэр дээрээс минь урсан ханцуйг бүрхсэн байрлалтай.

Үүний дээр хоёр талаасаа нумран нийлсэн галт шувууны дүрс бүхий гоёмсог баг. Энэ бол өнөөдрийн сонгосон гоёл. Хамгийн сүүлийн хамгийн чухал гоёл минь Улаан сарнай гэх нэрийг тодотгох час улаан уруул. Ингээд боллоо. . .

Хувцсаа сольж, гоёлоо зүүн нүүрээ будаад бэлэн болсон хэмээн толгой дохиход авга эгч минь өөрийн багаа зүүн өргөөнөөс гараад "УЛААН САРНАЙ, ЭНЭ ҮДШИЙН ЗОЧНОО СОНГОХ БОЛНО" хэмээн чангаар мэдэгдлээ.

Түүнийг ийн хэлэхэд танхимд байгаа эрчүүд орилолдон баярлаж эхлэв.

"Би чадна аа" хэмээн өөрийгөө нэг зоригжуулаад өрөөнөөс гарлаа, хааны хатан байхаас ч илүү ихэмсэг бардам байх ёстой. Эрчүүдийн ярьдаг нялуун үгс шиг тэнгэрээс буугаад ирсэн дагина мэт байх ёстой. . . ийнхүү дотроо давтсаар замдаа таарах эр бүрийг үл тоосон ихэмсэг харц шидэн эрүү өндөр, харц дээгүүр алхана.

Зарим эрчүүд нь үнэхээр шунаж донтсон бололтой элдэв янзын шүр, сувд, алт мөнгөн гоёл чимэглэл гартаа барин "Намайг сонгооч" хэмээн гуйх нь бүр ч ой гутам санагдана.

Тэр бүгдийг үл тоон алхсаар хааны сууж байгаа ширээнд ирэхэд хаан өөрийг нь сонгож байна гэж бодсон бололтой ордонд гаргадаг шигээ бардам төрх гарган тааламжтай инээмсэглэл тодрууллаа.

Би түүний үйл хөдлөл бүрийг ажиглан харц тулан ширтээд эцэст нь дэргэд нь сууж байгаа хааны дагуул болох Чүэ ноён руу гараа өгөхөд хааны нөгөө инээмсэглэл хормын дотор алга болон нүдэнд нь гал дүрэлзэх мэт л ширүүн харцаар Чүэ ноён руу харлаа.

Хааны ширүүн харцнаас ухаан алдатлаа айсан Чүэ ноён "Б-Б-Би биш ээ. . . үгүй ээ манай ноёнтон" гэсээр гар нь чичрэн хаан руу заахад

Би энгийн ярьдгаасаа арай шингэн найланхай хоолой гаргаад "Гэрэлт саран асарт зэрэг дэв, удам угсаа хамаарахгүй. Энэ үдэш залуу ноён та л харцыг минь булаалаа. Би танд зориулж бүжиглэмээр байна" гэж хэлэхэд

Эр хүн л болсон хойно шуналт нүдээр над руу ширтэн шүлсээ гүд хийтэл залгих боловч нөгөө талаар хажууханд нь сууж байгаа хаан эзнээс айх айдас нь зөрчилдөж байгаа бололтой сандарсаар

"Б-Б-Би эхнэр хүүхэдтэй" хэмээн доош харлаа.

Би "Угаасаа л энд байгаа эрчүүд бүгд л эхнэр, бага эхнэртэй шүү дээ. Тэгээд ч бүжиг үзэн сэтгэлийн таашаал авахад гэр бүл хамаатай гэж үү?" хэмээн дахин өдөөж өгөхөд

Чүэ ноён үнэхээр ацан шалаанд орсон мэт хаан бид хоёр руу ээлжлэн харна.

Хаан эзний бардам зан, уур хоёр нь зэрэг хөдөлж байгаа нь харваас тодорхой байв. Сархад ууж байгаа хундагаа байдаг чангаараа атгасан байх бөгөөд өөрийгөө барих гэж хичээж буй мэт хэд хэдэн хундага архи угсруулан уулаа.

Хаан уурыг хангалттай хүргэж, хор шарыг нь малтаж чадсан тул "За за ноён та татгалзаж байгаа бол яая гэх вэ дээ, Ахх~ өнөөдөр уйтгартай байх чинь. Анхаарал татах сайхан эр нэг ч алга" гэж хэргээр хаан эзэнд сонсогдохоор чанга хэлээд тэндээс холдоход өрөөний минь үүдэнд дугаарлан зогсож байсан эрчүүд "Намайг сонгооч, би хэзээ ч татгалзахгүй" зэргээр шуугьж байлаа.

Би тэднийг үл тоон алхсаар өрөө рүүгээ орохынхоо өмнө мөрөө давуулан хаан эзэн рүү эргэж харахад хаан сархад уухын зэрэгцээ нүдээ ч хөдөлгөхгүй над руу цоо ширтэж байлаа.

Инээмсэглэл минь хүртэл түүнийг улам уурлуулна гэж мэдэж байсан тул хэргээр түүн рүү ширтэн бага зэрэг инээмсэглээд өрөөндөө орлоо.

=========================

Хааны ордон. Хаан эзний өргөө:

Өглөө бүрийн дадал болсон гэр бүлийн зоог гэж нэрлэгдэх зоогийн ажиллагаа, бага хатан, татварууд бүгд сууцгаана.

Байнга л аль нэг татвартайгаа элдэв бусын самуун үг унагааж инээлдэн суудаг хаан өнөө өглөө бодолд дарагдсан мэт нэг ч үг дуугарсангүй чимээгүй сууна.

Түүний байгаа байдлыг ажиглан суухдаа инээд минь хүрч байлаа. Эмсийн хүрээлэнгийн дууч эмд гологдсон мэдрэмж нь үнэхээр хүнд туссан бололтой. Болдог бол царай руу нь харж байгаад чанга инээх юмсан.

Нэгэнт тэгж чадахгүй тул өөрийгөө барин ямар нэг сэтгэл хөдлөлгүй төв царай гарган сууна.

Хэзээ хэзээнийхээс илүү дуу чимээгүй өрнөх өглөөний зоогийг дуу нэмэх гэсэн бололтой Чун татвар ширээнээсээ босож ирэн хааны өмнө суугаад "Эрхэм дээдсээ үүнийг амсаад үзээч" хэмээн гадаад тогоочийн тусгайлан бэлдсэн галууны махнаас хааны өмнө барилаа.

Хаан түүнийг сонсоогүй мэт гөлрөн сууж байснаа "Чи надад татагдаж байна уу?" гэж тулган асуулаа.

Чун татвар энэ асуултыг түүнтэй нялуурах хөнгөн асуулт гэж ойлгосон бололтой аальгүйтэн инээсээр "Мэдээж шүү дээ эрхэм дээдсээ, би танд ухаангүй донтчихсон байгаа" хэмээн найланхай хоолойгоор хэлээд цааш даврахаар шийдсэн бололтой хааны дэргэд очин суугаад түүнийг сугадан мөрийг нь наллаа.

Хаан гараа татаж аван "Яг юунд минь татагддаг юм? хаан эзэн болохоор уу?" гэж асуухад

Чун татвар хааны асуулт тоглоом биш гэдгийг одоо л анзаарсан бололтой царай нь барайн "Ү-Үгүй дээ, хэдийгээр та хаан эзэн боловч эр хүний хувьд ямар ч эмэгтэй хөл алдахгүй байхын аргагүй төгс төгөлдөр царайтай шүү дээ" хэмээн хариуллаа.

Хаан "Бос, ширээндээ суу. . . би ганцаараа суумаар байна" хэмээн түүнийг хөөлөө.

Чун татвар бага зэрэг бантсан төрхтэй "Хаантан улсын хэрэг шийдээд алжаасан бололтой" хэмээн нүдээ эргэлдүүлсээр эргээд ширээндээ суулаа.

Түүний ширээндээ суухтай зэрэгцэн "Ямар ч эмэгтэй хөл алдана гэж шүү, худалч амьтан" хэмээн амандаа бувтнав.

Хэдийгээр маш зөөлөн хэлсэн ч миний ширээ түүний дэргэд шахуу ойрхон тул чихэнд минь сонсогдож байлаа.

Хааныг царай зүс, бусдыг татах чадварынхаа тухай асуусан болохоор тал засах гэсэн татварууд гэнэт л "Хааны тийм ч зүйл сайхан, тэр ч зүйл нь гайхалтай, дэндүү царайлаг, сэтгэл татам" гээд л хэдэн талаас магтаалын үг унагааж эхлэв.

Татваруудын эдгээр үгс сэтгэлийг нь засах бус харин ч залхаасан бололтой, хаан "АМАА ТАТАЦГАА! ордны ёсонд суралцаж байгаа гэсэн биз дээ? сурсан зүйл чинь зоог барьж байхад дэмий чалчих хэрэг үү? ГАР. . . хичээлдээ сууцгаа" хэмээн гэнэт тэднийг хөөлөө.

Татварууд гайхах, айх хосолсон харцаар хаан руу ширтсээр ээлж дараалан хааны өмнө ёслоод өргөөнөөс гарлаа.

Татварууд гарсны дараа бага хатан ч бас гарав. Хамгийн сүүлд нь би гарахаар дээш бослоо.

"Зоог дууссан бололтой, хатан би ч бас ингээд явъя даа" гээд түүний өмнө бөхийгөөд гарах хаалга руу эргэтэл

"Их хатан" хэмээн намайг дуудан зогсоолоо.

Би түүн рүү эргэж хараад "За эрхэм дээдсээ, хэлэх зүйл байгаа юм уу?" гэж асуухад

Хаан над руу ширтсээр "Чи надад дургүй гэсэн үү?" гэж асуулаа.

Би "Хэн тэгж байна? яахан тийм зүйл байж болох билээ. Би хаан таны бүсгүй шүү дээ. Хаан таныг хайрлах ёстой" хэмээн заавал хэлэх ёстой үг гэдэг шиг л худал хариултыг түүнд өглөө.

Хаан "Гэхдээ чи намайг өргөөндөө зочлуулахыг хүсэхгүй байгаа биз дээ? Өргөөнд чинь ирэх үгүй минь чамд хамаагүй гэж чи өөрийн амаар хэлсэн байхаа. Энд зөвхөн чи бид хоёр байна. Шударга ярилцвал яаж байна. Би сонирхлыг чинь үнэхээр татдаггүй хэрэг үү?" хэмээн асуухдаа яагаад ч юм тэр сандарсан юм шиг харагдсан юм.

Би "Тийм ээ татдаггүй. Хүн бүрийн сонирхол өөр шүү дээ. Та бүх хүнд таалагдах албагүй" хэмээн инээмсэглэхэд

Хаан юм хэлсэнгүй өдөөс ширүүн харсаар чимээгүй сууна.

Би "Ингээд би явъя даа" гэж хэлээд гарах хаалга руу очтол гэнэт гараас татан зогсоолоо.

Гайхсандаа түүн рүү том хартал хаан юм хэлсэнгүй алхам алхмаар над руу ойртоно. Би сандарсандаа хойш ухарсаар хаалганд тулчихлаа.

"Я-Яасан бэ? эрхэм дээдсээ" гэтэл

Хаан гэнэт бэлхүүсээр минь тэврэн өөртөө наалаа. Түүнийг хэзээ ч чамд хүрэхгүй гээд үргэлж хүйтэн аашилдаг болохоор ийм үйлдэл хийнэ гэж огт бодсонгүй. Гайхсандаа дахиж үг дуугарч чадахгүй түүн рүү том харан зогсож байтал. . .

Хаан над руу улам ойртсоор чихэнд минь уруулаа наагаад "Чиний сонирхол биш гэсэн үү? хатан таныг намайг сонирхох өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна. Өдөр бүр өргөөнд чинь ирээсэй гэж харуулдан хүлээдэг болно гэдэгт итгэлтэй байна. Тэр өдрийг иртэл бардам байгаад үз, хэр удаан ийм байхыг чинь харж байя" гэж хэлээд надаас холдлоо.

You are reading the story above: TeenFic.Net