2. Санал

Background color
Font
Font size
Line height

Хэн ч орж ирэхгүй байсаар. . . Харин нөгөө залуугийн хувьд надтай харц тулгарахгүй чимээгүй суусаар.

Энэ яг л цаг нөхцөөж байгаа мэт чигтэй үйлдэл байв. Түүний ийм байдлыг хэсэг харсныхаа дараа тэвчихгүй асуучихлаа.

"Уучлаарай, гэхдээ юу болоод байгааг тайлбарлаж өгөхгүй юм уу?" гэж сануулахад

Нөгөө залуу яг түрүүнийх шигээ хуурамч гэдэг нь илт мэдэгдэх эв хавгүй инээмсэглэл тодруулснаа.

"Одоохон. . . . ганцхан хором" гэв.

Би "Ойлголоо" гэхтэй зэрэгцэн

"ЧЭЭЭЭЭЭЭН!!!" гэж чанга ориллоо. Түүнийг орилох үед өрөөнд байгаа тавилга чичрэх шиг л болов.

Би цочирдсондоо эргэн тойрноо харан "Га-Газар хөдлөлт үү?" гэтэл

Нөгөө залуу "Та яг одоо бурхдын хотод байна. Энд газар гэж байхгүй" гэх нь тэр.

Гайхсандаа өөрийн эрхгүй "Юу??" гэсээр уулга алдахад

Өрөөний хаалга нээгдэн нэгэн залуу орж ирлээ. Намайг энэ өрөөнд авч ирсэн охиныг бодвол арай том цагаан далавчтай залуу байв.

"Намайг дуудсан уу? захирлаа" гэв.

Захирал залуу уртаар санаа алдаад "Бэкхён Чанёол хоёр нэг баг байхаа?" гэж асуухад нөгөө залуу ч хурдхан толгой дохив.

Залуу үргэлжлүүлэн "Тэр хоёр чөтгөрийг яг одоо өрөөнд минь авч ир!"  гэж шүд зуун хэлэхэд

Нөгөө залуу "Нэг нь сахиусан тэнгэр шүү дээ захирлаа" гэж тоомжиргүй хэлэв.

Захирал нэлээд бухимдсан бололтой "Мэдэж байна!! зүгээр л тэднийг харааж байхад! олон юм яриад байлгүй хурдан авч ир!!" гэж ширүүхэн хэллээ.

Ийнхүү нөгөө залуу гарахад бид дахиад л хоёулаа үлдлээ. Би мэдээж хэрэг юу ч ойлгохгүй байгаа тул чимээгүй суух бол залуу яг л түрүүнийх шигээ хуурамч инээмсэглэл тодруулаад цаг нөхцөөх гэсэн мэт нүд нь ийш тийш тэнүүчилнэ.

====

Ийм байдалтай хэсэг суусны дараа хаалга тогших чимээтэй хамт "Тэднийг орууллаа шүү" гэх түрүүний орж ирсэн залуугийн хоолой сонсогдон төд удалгүй хоёр залуугийн хамт орж ирлээ.

Өндөр, нам хоёр залуу. Намхан нь бараг л газар шүргэх шахсан том цагаан далавчтай. Харин өндөр залуу нь намайг энэ өрөөнд хүргэж ирсэн охиных шиг жижигхэн хар далавчтай байгаа харагдав.

Өндөр залуу нүдээ хагас анин царай нь базаахгүй харагдах ба "Яасан бэ захирлаа? өнөөдөр бидний амралтын өдөр шүү дээ. Дотор муу байна. . . .дуудсан шалтгаанаа хурдан хэлчих, яг үхлээ" гэв.

Захирал "Дуудсан шалтгаан гэнэ ээ!? наад бүсгүйгээ хар!" хэмээн над руу заав.

Өндөр залуу ярвайсан чигтээ над руу харснаа "Пак Дундамын шүүлт болоогүй хэрэг үү? эсвэл ямар нэг гомдол гаргаад байгаа юм уу?" гэж илт түүртсэн байдалтай асуулаа.

Захирал шүд зуусаар "Өнгөрсөн амьдралыг нь харвал яаж байна?" гэж хэлэхэд

Өндөр залуу "Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ядаргаатай гэж" хэмээн бувтнасаар миний духан дээр гараа тавих үед яг л кино үзэж  байгаа мэт миний өнгөрсөн амьдрал бичлэг шиг л агаар дээр урсан гарлаа.

Би харсан зүйлээсээ болж цочирдсондоо таг гацсан байтал нөгөө залуугийн нүд томрон "Новш гэж!! тэр биш байна. . . .!" гэж сандарсан шинжтэй хэлэв.

Намхан залуу хажуугаас нь "Новш нь ч новш болчихлоо шүү. . . ." гэсээр итгэж ядсан байдалтай над руу дахин дахин харна.

Захирал "Ноён Новш гуай! энэ асуудлаа тэгээд яах гэж байна? Пак Дундамыг гурав хоногийн өмнө авч ирэх ёстой байсан биз дээ? цагаасаа хоцорсныг чинь өршөөгөөд байхад амьдрах хугацаа нь дуусаагүй өөр хүн андуурч авч ирнэ гэнэ ээ? ЭРҮҮЛ УХААН ГЭЖ БАЙНА УУ ЧАМД!?" хэмээн орилоход

Өндөр залуу бүлтгэнэн цочсоноо. . . "Э-Эрүүл ухаанаа олох гээд л хичээж явна. Үнэндээ энэ бүхэн таны буруу шүү дээ" хэмээн захирал руугаа харлаа.

Захирлынх нь нүд томрон "Миний буруу? ямар үндэслэлээр!!"

Өндөр залуу гэмгүй царай гарган "Бурхдын наадамд Сархён архи оруулж ирсэн хүн нь та биз дээ? тэрнээс чинь болоод би сүүлийн тав хоног шартаж байна. Одоо ч толгой салж нийлээд байгаа юм шиг л аймшигтай байхад" гэв.

Захирал нь яг л дэлбэрэх гэж байгаа мэт босож ирснээ "Хэтрүүлж уусан нь чиний буруу биз дээ? одоо тэгээд энэ асуудлыг чинь яах юм?" хэмээн орилов.

Чанёол "Битгий орилоод бай л даа. Толгой яг хагарлаа. . . .Ёстой мэдэх юм алгаа, энэ удаад та зохицуулчих тэгэх үү?" гэсээр хачин царайлан түүн рүү харлаа.

Итгэмээргүй солиотой хэдий ч би тэдний ярианаас бага сага зүйл ойлгох гэж хичээн анхааралтай сонссоор сууна.

Захирал "Чи яагаад ийм юм бэ? миний санаж байгаагаар Бэкхён та хоёр нэг онд төрсөн шиг санагдах юм. Та хоёрыг үргэлж хамт байдаг, бас дэггүй бүтэлгүй хачин зүйлс хийдгийг чинь мэдэх ч чи яагаад Бэкхён шиг биш юм бэ? тэр энгийн үед этгээд хачин байдаг ч ажил дээрээ огт алдаа гаргадаггүй. Одоо түүнийг хар л даа. Аль хэдийн 1-р зэргийн сахиусан тэнгэр болсон байна. Харин чи тушаал буурсаар байгаад одоо бүр 10-р зэрэг болсон байна. Энэ байдлаараа дахиад жаахан удвал далавчаа алдах нь дээ!" хэмээн сануулах мэт хэлэв.

Миний ойлгож байгаагаар бол энэ өндөр залуугийн ажил амьдрал ч тааруу байгаа бололтой.

Иймэрхүү зүйл бодоод дуусаагүй байтал өндөр залуу тоосон шинжгүй малийсаар "Ертөнц тэр чигтээ л сайн муугийн тэнцвэр дээр тогтдог. Нэг багийн хоёр хүн хоёулаа төгс сайн байгаад байвал утгагүй шүү дээ. Ертөнцийн тэнцвэрт байдал алдагдана. Тэгээд л найз минь сайн байхад би муу байдаг юм. Агуу бурхад та нарынхаа бүтээсэн ертөнцийг хэвийн байлгах гэж" гэх нь тэр.

Захирал залуу хэлэх үггүй болсон мэт ам нь ангалзан хүзүүгээ дарснаа "Цаашаа юу ч ярих хэрэггүй. Ер нь та хоёр салаад өөр багтай болсон нь дээр биш үү? нэг нь байнга алдаа гаргана. Нөгөө нь алдааг нь нууна. Ийм баг надад таалагдахгүй байна. Тэгээд ч та хоёрын зэрэглэл дэндүү хол болчихлоо. Өөрсдийн зэрэглэлд таарах-" гэтэл

Тэр хоёр зэрэг "ҮГҮЙ ЭЭ! БИДНИЙ НӨХӨРЛӨЛ ҮҮРД МӨНХ!" хэмээн тэврэлдэв.

Захирал "Муу тэнэгүүдийн цуглаан!" гэж бувтнахтай зэрэгцэн

Захирлын туслах залуу хоолойгоо бага зэрэг засаад "Энэ бүсгүйн хэргийг яг яаж шийдэх вэ?" гэж асуулаа.

Захирал сая л нэг над руу анхаарлаа хандуулаад "Пак Инбинь? мөн биз дээ? юу ч гэсэн чи нэгэнт үхчихсэн болохоор чиний амьдралын шүүлтийг хийж үзэцгээе. Дараа нь яах тухайгаа шийдье тэгэх үү?" гэв.

Би "Уучлаарай, гэхдээ яг юу болоод байгааг ганц удаа ч хамаагүй тайлбарлаад өгөх хүн байна уу?" гэхэд

Захирал "Тийм л дээ, Би бол үнэн худлыг дэнслэгч Шүүлтийн бурхан Жүнмён. Товчхондоо бол үхсэн хүмүүс заавал над дээр ирж амьдралын сайн муу үйлээ шүүлгэдэг гэсэн үг. Үүний дараа би тэднийг диваажинд очих уу? тамд очих уу? эсвэл төлөөсөө төлж дуусаад диваажин руу явах уу? гэдгийг нь шийддэг бурхан. Харин яг одоо бидний байгаа энэ газар бол бурхдын хотын шүүх нийгэмлэг буюу "Үхлийн дараах ертөнц". Энэ газар хүмүүний ертөнц, бурхдын ертөнцийг зааглаж  бас холбож байдаг газар гэж ойлгож болно. Би энэ нийгэмлэгийн захирал буюу үхлийн дараах ертөнцийн эзэн. Энд хүмүүс ба байгаль ан амьтанд туслах ёстой сахиусан тэнгэрүүд болон амьдрал дуусахад авч ирэх ёстой эрлэгүүд байдаг. Харж байгаачлан энэ хоёр бол нэг нь сахиусан тэнгэр, нөгөө нь чамайг энд авч ирсэн эрлэг. Ийм л байна. Одоо ойлгосон биз дээ?" гэв.

Итгэмээргүй боловч тэр маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн тул би зүгээр л толгой дохилоо.

"Тэгэхээр. . . би жинхэнээсээ үхчихсэн юм уу?" гэж асуухад

Жүнмён хоолойгоо бага зэрэг засан "Ер нь бол тийм" гэв.

Энэ үг аймшигтай сонсогдсон тул амнаас дахиж үг гарсангүй. Жаахан хүүхэд байхаасаа эхлээд л аавын төгс охин, гэр бүлийнхээ нүүр царай байх гэж хичээсээр ирсэн. Хүүхэд байхын утга учрыг ч мэдээгүй яг л ажилчин шоргоолж мэт цаг үргэлж суралцаж, бэлтгэгдэж урт удаан уйтгартай хийгээд хүнд амьдралыг туулан байж арай гэж өөрийн зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрсэн тэр мөчдөө үхчих юм гэж яаж санах билээ.

Үнэхээр ингээд үхнэ гэдгээ мэдсэн бол хүүхэд насаа хүүхэд шиг өнгөрөөж, өөрийгөө хүчлэх биш зүгээр л энгийн сайхан амьдардаг байж. . .

Ингэж бодох төдийд нулимс урсаад эхэллээ. Намайг уйлах үед андуурч авч ирсэн эрлэг болон түүний хамтрагч сандарсан бололтой.

"Б-Битгий уйлаарай, үхлийн дараах ертөнц тийм ч муухай биш шүү" хэмээн тайвшруулах гэж хичээнэ.

Энэ зуур Жүнмён "За шүүлтээ эхэлцгээе" гэж хэлээд үсээ хойш илэх шиг болоход гоёмсог хослолтой сууж байсан тэрээр гэнэт л эртний дайчин мэт алт мөнгөөр урласан хуяг дуулгатай суух бөгөөд түүний гарт хоёр талдаа үзүүртэй жад байх аж. Жадны эх бие нь хоёр хуваасан мэт голоороо тусгаарлагдсан байх бөгөөд нэг тал нь алт, нөгөө тал нь мөнгө байв.

Жүнмён бурхан нүдээ аниад жадаа эргүүлж эхлэхэд бид сууж  байсан өрөөнөөсөө гэнэт гаран яг л юу ч байхгүй хоосон орон зайд хүрээд ирэх шиг болов. Төд удалгүй дөнгөж төрснөөс минь эхлээд амьдралын минь бүх дурсамж яг л кино зураг мэт тойрон эргэлдэж, өнгөрсөн амьдралаар минь хэдхэн хормын дотор зочлоод ирэх шиг болов.

Жаднаас үүссэн эргүүлэгт сорогдон хийсэх мөчдөө ямар нэг хар нүх рүү орчих шиг болоход бид эргээд өрөөнд сууж байлаа.

Цочирдсондоо итгэж ядан эргэн тойрноо харахад нөгөө өндөр залуу "Бэкхён андаа, би үнэхээр буруу хүнээ алчихсан байна. Тэр бараг л өөгүй юм. Бас үнэхээр их тэвчээр гарган энэ амьдралаа туулж" гэхэд

Бэкхён буюу түүний хамтрагч сахиусан тэнгэр залуу "Тийм байна. Бид ч том асуудал тарьж дээ" гэв.

Жүнмён "Чанёол!" гэж хэлэхэд өндөр залуу цочин том харлаа.

Жүнмён "Үйлийг нь харсан биз дээ? Сайн үйл 80%, муу үйл 20% дээрээс нь энэ хүн 95 наслах ёстой байж!!" хэмээн анхааруулах мэт шүд зуун хэллээ.

Чанёол инээх ярвайх хоёрыг хослуулан "Харин тийм байна. Одоо тэгээд яах уу? Даваажинд тусгай дээд зэрэглэлийн гэр гаргаж өгөх ёстой юм болов уу?" гэж асуухад

Жүнмён "ЧАНЁОЛ!!"

Чанёол номхон зогсоод "За захирлаа" гэхэд

Жүнмён "Яг одоо дажгүй сайн гаргалгаа хэлсэн чинь дээр шүү. Үгүй бол энэ алдаа өөрийн чинь хувьд нэлээд их хасаг оноо болж ирнэ гэж мэд!" хэмээн сануулахад өндөр залуу илт сандарсан байдалтай нүд нь эргэлдэж байснаа.

"Ааа! нэг санаа. Түүний биеийг одоо ч оршуулаагүй байгаа шүү дээ. Эмнэлэг дээр байгаа. Тийм юм чинь одоо түүний буцааж өөрийнх нь ертөнц рүү явуулаад. Харин би шууд дагаж очоод дүүг нь аваад ирье. Хэнд ч мэдэгдэхгүй хурдан солих болохоор ингээд л болоо" хэмээн ярзайтлаа инээв.

Энэ үед би тэвчсэнгүй "Юу? дүүг минь гэж Дундамыг хэлээд байгаа юм уу?" гэхэд

Чанёол "Тийм ээ, угаасаа тэр хүүхдийн амьдрах хугацаа дуусчихсан. Хар л даа" гэснээ гэнэт агаар дээр эртний гэмээр хуучин тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирэв. Дэвтрээ нээн харуулах үед энэ онд үхэх хүмүүсийн жагсаалтад жинхэнээсээ Пак Дундам хэмээн дүүгийн минь нэр байх нь тэр.

Дүүтэйгээ байнга хэрэлдэж муудалцдаг хэдий ч тэр чинь миний төрсөн дүү шүү дээ. Үхэх ёстой гэх хатуу үнэнийг мэдсэн даруйд л дүүгээ харамлах мэдрэмж төрөв.

"Тийм юм гэж хаа байсан юм? Т-Тэр хүүхэд мэдээж сайн хүүхэд гэж хэлэхгүй л дээ. Гэвч тэр одоо ч мөрөөдөлдөө хүрч амжаагүй байгаа. Түүний амьдрал одоо л эхэлж байгаа шүү дээ. Тийм байхад би яагаад ч дүүгээ үхүүлж чадахгүй. Чи! чи! бас та! та хэд алдаа гаргасан чинь үнэн биз дээ? алдаа хийсэн бол хохирлоо барагдуулах ёстой! Миний сэтгэл санааны хохирол яах юм? бүхэл бүтэн 95 наслах ёстой байсан хүн 31 настайдаа үхэх чинь жижиг асуудал уу? амьдралаар минь ингэж тоглосныхоо хариуд дүүд минь амьдрах боломж олго!! үгүй гэвэл бурхдын зөвлөл шүүх мэдэхгүй ээ та нараас дээшээ байдаг бүх албан тушаалтан, дээд хүмүүст чинь өргөдөл гомдол гаргана" гэж хэлэхэд

Жүнмён "Ааш! ухаантай бүсгүйчүүдэд би үнэхээр дургүй. Яг ийм төвөгтэй байдаг болохоор" гэж хэлснээ

"Одоо тэгээд яах юм?" гэж нөгөө хоёр руу өндөр дуугаар хэлэв.

Бэкхён "Инбинь-ши тайван, бүх зүйлийг гэгээлгээр хар л даа. Чи өөрийн амьдралдаа хангалттай сайн зүйл хийсэн болохоор одоо шууд л диваажин руу явна. Диваажин ямар гайхалтайг мэдэх үү? юун танай ертөнц. . . .шааал өөр шүү дээ. Ер нь ингэвэл яаж байна. Чи дүүгээ амьд үлдээхийг хүссэн юм чинь түүгээрээ бол. Чиний амьдрах ёстой байсан жилүүдийг дүүд чинь өгье. Харин оронд нь чи ямар ч гомдол байхгүй гэж гарын үсэг зураад л диваажин руу явчих. Сайхан санаа байгаа биз дээ?" гэв.

Өрөөнд байсан бүх хүмүүс яг л түүнийг дэмжих мэт зэрэг толгой дохилоо.

Диваажин мэдээж хэрэг сонирхол татам сайхан сонсогдож байсныг нуухгүй. Гэвч диваажин ч бай, там ч бай алийг нь ч мэдэхгүй надад өөрийн амьдрал минь л юу юунаас үнэ цэнтэй байсан юм. Үүнээс гадна бүхэл бүтэн 30 жилийг өөрийгөө тамлан байж, тэсэж тэвчиж болох бүгдийг тэвчиж хатуу ширүүнийг туулсан хэрнээ ингээд л үхчих нь гомдолтой, сэтгэл хорогдсон мэдрэмжийг өгнө.

Иймдээ ч би амьдралаас хагацахыг хүссэнгүй.

"Үгүй ээ, чадахгүй. Надад үлдсэн байсан 64 жилийн амьдралыг дүү бид хоёрт хуваагаад өгчих. Би амьдралаа алдмааргүй байна. Бас дүүгээ ч алдмааргүй байна. Ийм л тохиролцоо хүсэж байна" гэж хэлээд бууж өгөхгүй гэдгээ илтгэн хамраа өргөн дээгүүр харлаа.

Жүнмён "Ямар зөрүүд юм бэ" гэж амандаа бувтнах нь сонсогдох ба би сонссон хэдий ч үл тоон дээгүүр харсан хэвээр байв.

Энэ үед захирлын туслах нөгөө залуу "Уучлаарай хатагтай. Гэвч хүний насыг хоёр хуваана гэж боломжгүй зүйл л дээ. Тиймээс та өмнөх саналуудаас бодож үзэж байгаад нэгийг нь сонговол яаж байна?" гэж эелдгээр асуулаа.

Би "М-Мэдэхгүй ээ, ямар ч байсан би өөрөө амьд үлдэнэ. Дүүгээ ч бас үхүүлэхгүй!" гэж эргэлзэж байсан ч шийдвэртээ бат зогсох гэж хичээлээ.

Өрөөнд чимээгүй байдал хэсэг үргэлжлэв.

Тэгж байснаа Жүнмён "Та хоёр явж бай, би өөрөө шийдье" гэж хэлэхэд нөгөө эрлэг, сахиусан тэнгэр хоёр дуртай нь аргагүй

"Тэгье ээ, захирлаа. . . .та хамгийн шилдэг нь шүү" гэж зэрэг хэлээд хаалга руу алхлаа.

Энэ зуураа Чанёол эргэж харан "Дараа таныг уух юмаар дайлна аа" гээд нүдээ ирмэхэд

Жүнмён "Тоглоод байгаа юм уу? өмнөх уусны чинь үр дүн энд сууж байхад!" хэмээн над руу заав.

Чанёол "За за тоглосон юмаа. Хайртай шүү. . . би одооноос гэгээрэх болно. Удахгүй та цагаан далавчтай анхны эрлэг харах байх шүү" гэж хэлснээ хурдхан гараад явчихлаа.

Тэднийг гарсны дараа Жүнмён уртаар санаа алдаад "Тэгэхлээр надад чамд тавьж болох сүүлийн санал байна" гэв. . .

============================


Бурхдын хотын хаа нэгтээ:

Чэн "Ороорой, таныг хүлээж байгаа" хэмээн эелдгээр инээмсэглэв.

Би итгэл муутайхан хаалгыг нээх мөчдөө өрөөнд байгаа хүнээс болоод нэлээд гайхширлаа. Учир нь төсөөлөлд минь байснаас тэс өөр залуу зогсож байсан юм.

Итгэж ядсандаа "Э-Энэ тэгээд хайрын бурхан Амур юм уу?" гээд эргээд хартал Чэн аль хэдийн явчихсан байв.


You are reading the story above: TeenFic.Net