Background color
Font
Font size
Line height

Угсаа залгамжлах хунтайж Зүүн тэнгист хөлөгтэйгөө далайн ёроол руу живж, хүүгийнхээ биеийг ч олж чадалгүй үлдсэн хаан тэр цагт ихэд уй гашууд автан, өнчрөн шаналж байсан билээ. Харин одоо хамгаас хайрт том охин нь, их гүнж нь ор сураггүй боллоо. Тэнгэртээ хэдэнтэй мөргөж гуйлаа ч эргэж ирэхгүй байж магад. Гэсэн ч ядаж эцсийн удаа царайг нь хараад, даахийг нь үнэрлэн, өр зүрхээ дэвтээхийг юу юунаас илүү хүсэх аж. 

Хатан эх нь арын бунхандаа өдөр шөнөгүй мөргөл үйлдэн, хайртай том омболоо амьд мэнд иргэж ирээсэй хэмээн залбирна. Ордон тэр аяараа түгшүүрт автан, ил хуль болжээ.

Их цэрэг хөдлөөд хоёр хонолоо. Их хурдаараа бол өдийд буцаад ирмээр. Гэвч сураг чимээгүй. Элэг зүрх эмтэрч, бэтгэрч дуусна гэдэг л энэ болов уу. Хаан нойр авахаа болив. Хоол унд ч идэхээ байв. Мэлмий нь урьд урьдхаас гархилан хоосорч, үс нь байдгаараа цайжээ. 

Хааны өргөөний үүдэнд зүүний түшмэд хэдийн ирээд суучихсан, аль эрт эмгэнэл зарлаад эхэлчихжээ. Тэд гүнжтэнг тэнгэрт халив хэмээгээд их л гашуудсан дүр эсгэж, уйлж майлан, хаантныг зарлиг буулгахыг хүлээнэ. Тэдний уйлаан майлааныг сонсож барсан хаан уурандаа шатаж хаалгаа саван гарч ирээд,

"Хэн үхсэн гэж хэлээ вэ? Хэний дураар? Хэний зөвшөөрлөөр? Та нар зөвшөөрөө юу? Одоогоор үхсэн гэсэн сураг ч дуулдаагүй байхад хэний дураар гашуудал зарлаад байгаа юм? Та нар цөм толгойгүй болохыг хүсээ юу?" хэмээн сөөнгөтөж сааралтсан хоолойгоо шахан зандрав.

"Өршөө хаантаан. Гэвч олон хоног өнгөрлөө. Ийм олон хонож байхад сураг чимээгүй байна гэдэг ямар нэг зүйл болсноос гарцаагүй. Гүнжтэн эсэн мэнд байхаасаа өнгөрсөн гэж эмээж байна, хаантаан. Мөхөс бид ингэж уй гашууг мэдэрч байхаар үхсэн нь дээр." хэмээн уран үгсийг урсгав.

"Муу дорд амьтдыг..." хэмээн хаан цухалдавч цааш нь юм хэлж чадсангүй.

Гэнэт их талбайн үүднээс хааны тайган хар гүйхээрээ хүрж ирээд газар сөхрөх гэж бараг тэрий хадаад өгөв.

"Ха-антаан..." хэмээн хоолой нь сааралтан нус нулимстайгаа холилдсон тэрбээр енгэнэж гарвал хаан харайлгах шахам бууж ирээд тайганаа дэмнэн босгож,

"Юу болоо вэ? Хэл чимээ ирээ юу? Гүнж яасан гэнэ? Юу болсон юм бэ? Алив хэлээдэх л дээ" хэмээн сүүлдээ бүр гувшиж гарчээ.

Тайган нус нулимсаа ханцуйгаараа шувтраад,

"Гүнжтэн, гүнжтэн... Амьд байна. Амьд эсэн мэнд ордон руу ирж байна гэнэ ээ. Хаантаан, Тэнгэр бурхан бидэнд тусаллаа." хэмээн үргэлжлүүлэн хайлав.

Хаан цочирдон, хажуугаар нь баярлахын дээдээр баярлаж, гэгээн мэлмийгээсээ ганц нэг сувдан нулимс дуслуулав. Тэгээд өөр юу ч айлдалгүй өргөө рүүгээ явж орлоо. Харин өргөөний нь үүдэнд хуралдаж асан сайд түшмэд хийсэн зүйлдээ бантан, хэлсэн үгэндээ ороогдоод, цөм газар ширтэн гүлдгэнэсээр,

"Тэнгэр бурхан харж үзлээ. Гүнжтэн түм бум насал." хэмээн хэдэнтэй мөргөв. Тэгээд бушуухан сүүлээ хавчин тэндээс арилцгаалаа.


Удалгүй их цэргээс элч ирж, гүнжтэнийг эсэн мэнд бараалж явааг дуулган, санаа амар, түвшин амгалан хүлээж байхыг хүсэв.

"Сайн байна. Маш сайн байна. Гүнжтэн минь бэртэж гэмтээгүй биз? Хөөрхий охин минь их туйлдсан харагдана уу?" хэмээн ирсэн цэргээс асуувал,

"Тийм ээ, хаантаан. Гүнжтэн гэмтэж бэртээгүй, эрүүл саруул эсэн мэнд байгаа. Олон хоног хээр гадна явсан ч гэлээ тэнгэрээс заяат гүнжтэн тун зоримог дээд хүн тул огтхон ч аяншиж ядарсан шинжгүй байсан нь бидэнд хэчнээн амгаланг бэлэглэсэн билээ. Харин..."

"Харин юу гэж? Ингэхэд гүнжийг минь хамгаалж үлдсэн тэр эрэлхэг зоригт Жон ахлагч яасан бэ? Тэр л охиныг минь аварсан байлтай."

Цэрэг багахан түгшсэн янзтай,

"Жон ахлагч.. Гүнжийг хамгаалж тулалдаад том шарх олжээ. Биднийг олж очиход тэр хэдийн үхлүүт болсон байсан. Бидэнд оточ байсангүй, Жон ахлагчийн амь дээсэн дөрөөн дээр буй. Гэвч гүнж түүнийг яасан ч орхихгүй гээд харж харуулдан, нааш хөдлөхгүй байсан тул бид түүнийг хэдий үхэх гэж байсан ч авч ирж яваа билээ, хаантаан. Нийслэлд ирэх замын уртыг давахгүй болов уу гэж айж байна." хэмээн ихэд гэмшингүй өгүүлэв.

Хаан санаа алдаад,

"Хэчнээн эрэлхэг баатар эр байв аа. Ай, хэчнээн харамсалтай гарз вэ. Баатар эрийн хойдохыг ёс төртэй гүйцэтгэх нь зөв. Түүнийг авч ирж байгаа чинь сайн байна." хэмээгээд явж болно гэвэй. Түүний хэчнээн сайн эр байсныг дурсан хаан тэнгэр өөд харлаа.


Гүнжийн цуваа ордонд ирлээ. Түүнийг дайралтанд өртсөн ч бүтэн үлдсэн хөсөг тэргээр нь бараалан иржээ. Ордны үүдэнд хөсөг тэргээс нь буулгаад жуузанд суухыг хүсэв. Гэвч тэр ганцаар жуузанд суухыг хүссэнгүй. Өвөр дээр нь үхлүүт хэвтэх Жон ахлагчийн толгойг тас тэвэрчхээд, түүнийг ч гэсэн ордон руу авч орохгүй бол, хамт л явахгүй юм бол орохгүй гэж эрс зөрүүдлэв гэнэ. Гүнжтэн яагаад ч зөвшөөрөхгүй байсан тул тэд арга барагдан морьт тэрэгтэй нь дагуулан орлоо. Яван явсаар ордны төв талбайд ирлээ. Хаан өргөөнөөсөө гарч ирвэл гүнж ч мөн сүйхнээсээ буулаа. Тэгээд авынхаа өмнө сөгдөн мөргөв. Хаан охиноо эсэн мэнд байгааг харан магнай хагартал баярлаж, охиноо даруй өргөн босголоо.

"Мөргөх хэрэггүй, гүнж минь. Амьд мэнд эргэн ирсэн болохоор хаан аав нь хязгааргүй баяртай байна." хэмээн халуун дулаанаар тэвэрлээ.

Гүнж хааны амрыг мэдэж, эцэгтэйгээ уулзсандаа баярлаж байсан ч царай нь тун баргар харагдана.

"Охин минь, бие нь чилээрхээ юу?" хэмээн хаан асуув.

"Үгүй дээ, хаан аав минь. Би тун эрүүл саруул байна. Гэсэн авч, намайг аврах гэж амь сөрөн тулалдсан харуулын ахлагч Жон... Хаан эцэг минь, түүнийг авраач дээ." хэмээн нулимс дуслуулан өчвой.

Хааны баясгалант царайнд даруй үүл хураад, хөсөг тэргийг нээв. Цус нөжиндөө хутгалдсан тэр бээр дотор үхлүүт хэвтэнэ.

"Тэр хэдийн..." хэмээн хаан ам нээсэнд гүнж үгийг нь таслан,

"Үгүй ээ аав аа. Тэр амьд байгаа. Одоог хэрнэ амьсгалж байгаа. Тэр замын турш сайн тэссэн." хэмээн мэгшин хэлэв.

Охиныхоо үгэнд итгээгүй ч хаан Жон ахлагчид хүндэтгэл үзүүлэхийг хичээн, хэлснээр нь ойртон харлаа. Гэтэл санаанд оромгүй нь тэр үнэхээр амьд байв. Амьсгал нь маш сул ч тасраагүй байна гэнэ. Шархыг нь боосон гүнжийн кимонон даавуунд одоо ч цус нэвчинэ.

"Амьд байна. Тэр амьд байна. Хурдан оточ дууд." хэмээн хаан сандчин тушаалаа.

Ордны бараа бологсод санд мэнд ийш тийш гүйлдэж, оточ дуудахаар явцгаав. Үлдсэн хэдэд нь хаан хурдан өөрийн эзэнгүй өвлийн ордонд өргөө бэлдэхийг тушаагаад, морьт тэргийг тийш зүглүүллээ.

Оточ ирж Жон ахлагчийг үзээд, үнэхээр ус уух хувьтай хүн байна хэмээн гайхаж, бас бахдан, цус алдаад хэдийн амьсгал хураах байсан ч торго даавуу юухэн хээхнээр шархыг нь боосон тулдаа, биеийн дулааныг нь алдуулалгүй нөмөрлөж байсан зэрэг нь амьд үлдэхэд нь тус болсон байна хэмээв. Тэгээд гүнжийг сайн боолт хийсэн байна гэж, хүний биеийн дулааныг сайн хадгалан энэ хүртэл ирсэн байна гэж зүрхлэн сайшаав.

Гэсэн ч энэ хэвээр цус алдан, ухаангүй олон хоносон тул эргээд эрүүл саруул болон босож ирэх эсэх эргэлзээтэй хэвээр байна гэв. Юу боллоо ч байдаг бүхнээ зориулан эмчилнэ гэдгээ амлалаа.

Ингээд олон өдөр, олон шөнийн турш Жон ахлагчийг эмнэн сувиллаа. Шархыг нь цэвэрлэн эмийн ургамал шатаан тавьж боогоод, зүү төөнүүр тавина. Гаднаас нь олонтоо эмнэсэн боловч ухаан орохгүй л байлаа.


Энэ хооронд олон хоног үзэгдэж харагдаагүй чин зүрхний хайртаа хүлээн бэтгэрсэн Жин Уг уй гунигт автжээ. Яруу шүлэг тэрлэж, уянгат хөгжим дарахаа ч байв. Зүрх сэтгэлд нь онгод эгшгийг буулгадаг хүн үгүй тул амьдралын нь утга учир ч үгүй мэт санагдана. Гэтэл цагаа олоогүй ам дамжсан цуу үг яван явсаар Жин Угийн чихэнд хүрчихэж гэнэ ээ. Их гүнж ирэх замдаа дайралтанд өртөж, цэргүүд нь цөм алагдан, өөрөө арай гэж ордонд ирсэн, хамгаалж явсан цэргүүд нь хааны харуулын албаныхан, тэр дунд нь бүр хааны хамгийн ойрын харуулын ахлагч хүртэл байсан гэх мэт явган яриа ард олны дунд явсаар энд боломгүй газраа ирчихжээ.

Жин Уг ихэд цочирдсон ч "Арай үгүй байх. Хаанд олон л харуулын ахлагч байдаг биз. Тэднийх нь нэг л үрэгдсэн байх." гэж өөрийгөө тайтгаруулавч зөн совин нь тэр хүнийг мөн гээд, шил нь татаад байх юм гэнэ. Үнэхээр ч зөнгөөр нь болж, тэр хүнээс бараа сураг ч ирэхээ болив. Эцсээ хүртэл хүлээе гэсэн ч тэр хүн эргэн ирсэнгүй ээ.

Гуниг зовлонд автсан тэр бээр хоол ч идэхээ, ус ч уухаа болив. Өдөр шөнөгүй гиеүрч, өргөөнөөсөө цухуйхаа ч байв гэнэ. Ирсэн зочдыг буцааж, итгэлт нэгнээ ч дуудахаа болив. Хэд хоног ийн гашуудаад тэргэл сартай нэгэн шөнө тэнгэрийн од харж, тэр хүнийг дурсахаар цэцэрлэгт хүрээлэнгийн гүүр уруу явлаа.

Тэнгэр цэв цэлмэг, од мичид гялалзан, тэргэл сар тодоос тод манджээ.

"Тэнгэр ийм сайхан атал

Сэтгэл зүрх минь юутай уйтай

Тэргэл сар хүртэл мишээж байхад

Тэр минь энд даан ч алга

Хэрвээ тэр минь тэнгэрийн од болсон бол

Тэртэйд намайг аваад явахгүй яав даа." хэмээн хайлаад гүүрэн дээрээс өлийн харлаа.

Нуурын ус тув тунгалаг, мэлтэлзэнхэн харагдах толин хөвөөнд нь од мичид ойн харагдах нь тэнгэр яг л газарт буугаад ирсэн мэт. Хаа нэг одод анивчихад, нууранд туссан тусгал нь ихэр мэт гялтгана.

"Та тэнд байна уу?" хэмээн Жин Уг нуурын толин тусгалтай ярьснаа "Хэрвээ тэндэх танд таалагдсан бол би араас чинь очъё." хэмээгээд гүүрийн хашлага өөд авирч эхлэв.

Нэг мод авирлаа. Хоёр мод авирлаа. Гурав дахь дээр нь гараад хариугүй давдагийн даваан дээр хэн нэгэн түүнийг татан авч, газарт буулгах нь тэр.

"Та чинь юу хийж байна аа? Яах нь энэ вэ?" хэмээх танил хоолой. Жин Уг эргэн хараад харанхуйд нүдээ дасгаж ядан байхад өнөөх аврагч эрхэм дахин дуугарч,

"Харанхуй шөнөөр гүүрэн хашлага дээр юу таныг гаргав? Ухаан санаа тань саруул байна уу? Намайг хэн болохыг мэдэж байна уу?" хэмээн шалгаав.

"Сог Мин Жонон уу даа? Та энд юу хийж?" хэмээн Жин Уг юу ч болоогүй мэт зөрүүлэн асуув.

"Хайртай түүн дээрээ очих замыг минь одоо ч гэсэн тасалж байна уу?" хэмээн дотроо бодсон ч гаднаа юм хэлсэнгүй. Тэр Сог Мин Жононгийн тэвэрт байсаар байгаа билээ. Тэврээс нь мултрах гэтэл жонон түүнийг тавьсангүй.

"Одоо бас яах гээ вэ? Оргож зугтаад усанд унаж, үйж үхэх гээ юу? Ертөнцийн ямар гашуу нь тохиолдсон болоод, ямар зовлон амссан болоод ингэж өөрийгөө хөсөр хаяж байгаа юм?" хэмээн зэмлэх хэдий хоолойнд нь санаа зовсон, айсан өнгө хослон байлаа.

"Та юу мэддэг юм? Та юу төсөөлж чадах билээ? Нэг муу дорд боол би энэ өрөвдөлтэй хувь заяагаа таслах гэж байхад та юунд намайг зогсооно вэ? Нэг ч гэсэн боол үхэж, нэг ч гэсэн ам байхгүй болвол үлдсэн хүмүүс нь идэх хоолтой, унтах хэвтэртэй болно." хэмээн уцаарласан нь анхны удаа байлаа. Тийм ээ, амьдралдаа анх удаа тэр дотроо нээж, чин зүрхнээсээ уурлаж үзлээ. Анх удаа хэнээс ч айж эмээлгүй, харц гудайлгүй, хэн хэгний өөдөөс үг сөрсөн нь энэ. Харин анх удаа илэрхийлсэн энэ зовлон гашуу нь жононгийн сэтгэлийг сийчээд өнгөрөв. Энэ эмэгтэйг эрдэнийн чулуу шиг, энгэрийн зүүлт шиг бодож явтал өөртэй нь адилхан махан биетэй, цусан зүрхтэй, усан нүдтэй, өвдөж шаналдаг гэдгийг нь ухамсарлаагүйдээ өөрийгөө зүхэв. Тэгээд гараа султган, эмэгтэйг чөлөөллөө. Харин гарнаас нь тавьсангүй. Үнэхээр л гүйж очоод үсэрчих юм шиг санагдан, тэгж зүрхэлсэнгүй. Жонон түүнээс айж байв. Зүрх нь үхэж байв.

Харин тэгтэл Жин Угийн хоёр хөөрхөн нүднээс нулимс урсаж гарлаа. Урсах нулимс нь сарны гэрэлд од мэт гялтганах ажээ. Сүүлдээ цурхиран уйлж гарав. Жонон сандран ханцуйнаасаа торгон алчуур гаргаж ирээд нулимсыг нь арчиж өгөв. Тэгсэн ч уйлсаар байсан тул өөр арга байсангүй, энгэртээ наагаад нурууг нь зөөлөн товшлоо. Түүний нулимс энгэр юуг нь норгон нэвтэлж, өр зүрхийг нь халуунаар цоргино.

Юу тохиолдсоноо үнэнээр нь хэлж чадахгүй, ердөө өөр эрийн цээжинд цурхиран уйлах энэ эмэгтэй хэчнээн азгүй хувь заяатай вэ.


Их гүнжтэн өдөр бүр ахлагчийг эргэж тойрно. Ирэх бүрт нэг л янзаараа. Гэсэн ч тэр бээр үл цуцан, хажууд нь байж, асран тойглоно. Зарч шивэгчид нь гүнжийг ийм зүйл хүртэл хийх нь зохисгүй гэх ч зөрүүд гүнж үл хэрэгсэнэ.

Гэтэл нэгэн өдөр ус уух хувьтай сайх эр нүдээ нээлээ гэнэ шүү. Нүдээ нээсэн даруйдаа ухасхийн өндийтөл хамаг бие нь шархиран, өвчин мэдрэв. Гэнэт ингээд босоод ирсэнд нь гүнж ухаан алдах шахаад, хормын дотор эргэн тайвширч, түүнийг сэрсэнд баярлан "Тэр сэрчихлээ." хэмээн үүд рүү хандан хэлэв.

"Жон ахлагч аа, Жон ахлагч аа." хэмээн дуудсан боловч өнөөх нь сонсож байгаа юм алга. Хэсэг хий хоосон руу гөлрөн таг дүлий мэт суув. Тэгснээ сая сэхээ орсон мэт эргэн харлаа.

"Би үхчихээ юу? Эсвэл самуурсан юм болов уу? Та чинь..." хэмээн үг хэлээ зөөж ядан өндийгөөдөхтөл хамаг бие нь хөндүүр оргин босч чадсангүй.

"Та түргэхэн эргээд хэвтэнэ үү. Та самуурсан юм биш. Та яг одоо гүнжтэй ярьж байна." хэмээн цоглог баясгалантай дуугаар хариуллаа.

Үнэхээр үхэлгүй, гүнжийн хажууд сэрсэндээ цочирдсон Жон ахлагч даруй түүнд мөргөхийг завдсан ч бас л тэгж чадсангүй.

"Өршөөгөөрэй эрхэм дээдэс ээ. Та энд ямар хэргээр заларч... Та зүгээр үү? Бэртэж гэмтээгүй юу?" гэх нь тэр явдлаас хойш огт ухаангүй байсных билээ.

"Би зүгээр ээ. Энэ бие минь эрүүл саруул байна. Харин та ихэд хүнд шархдав. Эргэж сэрэхгүй нь л гэж айлаа."

Гүнжтэн өөрт нь ийн анхаарал тавихыг үзээд Жон ахлагч зүүдэлж байна л гэж бодов. Харин тэгтэл гаднаас хааны оточ орж ирээд гүнжид мэхийн ёсолсны дараа,

"Харуулын ахлагч Жон, та яаж байна? Хаана байгаагаа ойлгож байна уу? Өвчин зовиур юу байна?" хэмээн асуув.

"Би.. сайн санахгүй байна. Энэ ордон уу?"

"Тийм ээ. Та ордонд байна."

Оточ түүний боолтыг тайлаад үзвэл шарх нь хэдийн аниад, бараг сорви тогтжээ.

"Шарх тань хэдийн эдгэсэн атал ингэж удаан ухаангүй байх гэж. Өөр зовиур байна уу?" хэмээн оточ лавлалаа.

"Байхгүй ээ. Гэвч хөдлөхөд тун бэрх байна." хэмээн аарцаг нуруугаа барин хэлэв.

"Маш удаан хэвтсэн болохоор бие тань хөшиж гүйцжээ. Санаа зоволтгүй, хөдөлгөөн сайн хийгээд байвал зүгээр болчихно доо." гэвэй.

"Маш удаан гэнэ ээ? Би хэр удаан ухаангүй байсан юм бэ?" хэмээн ахлагч ихэд гайхан асуулаа.

"Та зун, намар дамнаж гүн нойронд дарагдсан билээ." гэх нь тэр. 



You are reading the story above: TeenFic.Net

#svt #wonwoo