Background color
Font
Font size
Line height

Хүндэтгэлийн найр эхэллээ. Зүсэн зүйлийн өнгө будаг алагласан ордны их талбайд олон хүн хуран цуглажээ. Хоймрын индэрт Хатан эх заларч, хажууд нь Улсын Их хатан удаалжээ. Хатан эхийн нөгөө талд Эзэн хаан залрах учиртай ч одоогоор хоосон байна. Тэднээс нэг эгнээ удаалан гүнж нар, ордны эмс хатад дараалан сууж, тэндээс доош сайд ноёд хэргэм зэргийнхээ дарааллаар эгнэн суусан харагдана. Тэднийг захлан зарц, шивэгчин, тайган нар, хамгийн гадуур харуулын цэргүүд жагсах ажээ. Талбайн төвд олон янзын хөгжимчид, дуу хуурчид, бүжигчид, ордны болон бусад Гинёо нар чуулан дүүргэсэн байлаа. Цаашлан ордны дотоод хаалгууд хүртэл олон зарц, шивэгчин, ордны даамлууд, өргөө бүрээс ирсэн авхай нар гээд ордон тэр чигтээ хүний хөлд автжээ. Ордны гадна хаалгаар гарахад л их найрын сургаар зүг бүрээс цуглан ирсэн энгийн ард гудамж талбай хүртэл зурайх ажээ. Ордны их найр хуримын үеэр харц ардууд эзэн хаан жаахан ч атугай хишиг хүртээнэ гэж найдан ингэж бөөгнөдөг гэм биш зантай.

Удалгүй ая дан эгшиглэж, найр наадам эхэлснийг сонордуулав. Чавхдаст найрал хөгжимчид зэмсгээ уйлуулан дуугаргаж, хэнгэрэг цанчид урдхаа хааяа нэг дэлсэнэ. Талбайн тэг дунд солонгорсон олон өнгө бүхий ёслолын хувцастай дууч, бүжигч эмс ая данг даган удаан хийгээд нахилзанхан бүжнэ. Цугласан олон, тэр дундаа Хатан эх, эмс хүүхнүүдтэйгээ, сайд ноёд барлагуудтайгаа баясан хөхрөлдөж, их л зугаатай байх юм гэнэ.

Тэр зуур хэн нэгэн баяр наадмаас сэм шургалан гарч, арын ордны дээвэр дээр үсрэн буугаад, эргэн тойронд хүн байхгүй эсэхийг лавлаж нэг харсны эцэст аманд багтахуйц жижигхэн цуур үлээтэл тэндээс нь тун нарийн давтамж бүхий чимээ гарч алсад цуурайтсаар намжив.

Дохиог ордны гаднаас хүлээн авсан этгээд "Барс үүрэндээ" хэмээх нууц үгийг дамжуулахад хормын зуур ой модон дундаас арав гаран битүү хар хувцастай хулгай ордны зүг нисэх мэт хурдалвай. Тэднийг ордонд хүрэхэд хэдийн наран шингэж харанхуй болсон байх бөгөөд, орны төв талбайгаас одоо ч ая дан цуурайтан сонстоно. Тэд ордны ханыг даван шургалж, хааны унтах өргөөг чиглэн, сүүдэр сүүдэр бараадсаар, харанхуйд уусан харалсаар чимээ аниргүй хүрлээ. Хааны өргөө гэрэлтэй, гадна хэдэн харуул, хэдэн тайган, шивэгчнээс өөр хүн байсангүй.

Гэнэт л харанхуйгаас аюумшигт сүүдэр лугаа хулгай гарч ирэхэд хааны ордныг хамгаалж байсан бүхэн сочин давхийж, эргэж харж амжаагүй байтал тэднийг хормын зуур хядаж хаяв. Ингээд дотогш тал нь нэвтрэн орж, үлдсэн тал нь манаанд үлдлээ. Дотогш нэвтэрсэн хэд гэтсээр хааны өргөөг сэвхийн нээж, унтаж буй хааныг нэвт сүлбэсэн боловч илд жад нь цусанд будагдах нь битгий хэл толбо үгүй байсанд хааны орыг сөхөн харвал Эзэн дээдэс бээр тэнд байсангүй. Ужид хулгай гайхан сочиж, арагш нэг алхаадахтал гадна үүдэнд илд мэсний хангинах дуулдлаа.

"Тэр энд байхгүй байна. Урхи байж, занга байж." хэмээн ужид хулгайн толгойлогч уурсан хилэгнээд гадагш гартал үүдэнд үлдсэн нөхөд нь цөм хөсөр амьгүй, хааны олон цэрэг тэднийг бүсэлсэн байлаа. Тоогоор дэндүү олон атал ужид хулгай үл хулчийн дайран ороод хэд хэдэн цэрэг унагаад байтал толгойлогчоос нь бусад цөм хөсөр унаад, ганц үлдсэн ужид хулгай харуулын цэргийн илдэн доор тийчигнэн сөхөрлөө. Харуулын цэрэг ужид хулгайн нүүрээ нуусан хаалтыг авч хаявал үзэж өнгөрөөгүй үл таних этгээд байна гэнэ.

"Ичгүүргүй урван тэрслэгч чи Эзэн дээдсийн өргөөнд халдаж зүрхэлнэ гэнэ ээ? Яасан зүрх зоригтой, лут том толгойтой амьтан бэ? Эзэн чинь хэн бэ? Хэн ийм зүйл даалгасан, хэлээд аль, муу боол." гэж харуулын ахлагч Жон уурсан хэлбэл өнөөх нь мөчөөгөө өгөх шинжгүй, ганц үг ганхийсэнгүй.

"Наад боол чинь ингээд амар эзнээ илчилчих амьтан биш байх. Жон ахлагч сайн ажиллалаа. Харин одоо түүнийг байцаан шийтгэх яам руу чирч очоод хууль журмын дагуу гэсгээж, хаан эзний сонорт хүргэсэн цагт сая нэг үнэнээ өчих байлгүй. Энэ боолыг аваад яв." хэмээн тэргүүн түшмэл хаа нэгтэйгээс гарч ирээд тушаав.

Жон ахлагч тэргүүн түшмэлд ёслоод "Хаан эзэн эсэн мэнд, баяр наадамд саадгүй явж хүрсэн. Ужид хулгайг цөмийг нь барьж дуусгалаа." хэмээн байдлыг илтгэв.

"Сайн байна. Эзэн хаан эсэн мэнд хүрсэн бол яамай даа. Түүнийг баярт ирэхгүй гэж бодож байсан хулгай нар өдийд сүнс нь зайлж, насан хутгийг олж яваа биз. Эдгээр ужид хулгай ордны гадна биш, бидний хамар доор байж шүү дээ. Одоо харин хулгайн үлдэгдлийг сайтар байцааж, үнэнийг хүлээлгэн, баримт сэлттэй болоод тэднийг унагахад л болно."

Ингээд ажил үүргээ сайтар биелүүлж, эзэн хааны амь насыг аюулаас холдуулсан тэд их найр наадмын зүг явлаа. Бүх төлөвлөгөөг нь алган дээрээ дэлгэсэн мэт мэдэж байсан тул цаг алдалгүй түргэн шуурхай шийдэж чадсан билээ.

Ордны наадам одоог хэрнэ үргэлжилж, хүмүүс цэнгэн баясах бөгөөд, нас дээр гарсан Хатан эх өргөөндөө харьж, харин оронд нь Хаан эзэн морилон саатжээ. Хаан эзэн мэндэлсэн өдрийн баяртаа саатсан тул хуран чуулсан цөм түүнийг түм наслахыг ерөөж, олонтоо мэхийн ёслоно.

Жон ахлагч явсаар хөгжмийн өргөөнийхний саатсан хэсэгт очвол хүсэн хүлээж байснаар нь Жин Уг тосон авлаа.

"Ноёнтон минь. Та мэнд буцаж иржээ?" гэж аюулт хэрэгт явсныг нь мэдсэн мэт санаан зовнин, цэлмэж асуувал Жон ахлагч түүний хажууд зэрэгцэн зогсоод,

"Хаа нэгтэй явсныг минь эзэгтэй та яаж мэдээ вэ?" гэхүл,

"Мэдэлгүй яах вэ би. Дорд би өнөө оньсого тааврыг эргэцүүлэн бодоод учгийг тайлж, таныг сонсоод давхийн гарч явахад хоёрыг тунгаагаад, алив муу зүйл болох вий хэмээн сэтгэл сэмэрч, баяр наадмын үеэр ч санаа чилэн, урсгал ус шиг таныг хүрээд ирэх болов уу хэмээн харуулдан зогслоо. Ашгүй та мэнд ирж, миний сэтгэл сая нэг тавирав."

Жон ахлагч дотроо Жин Угийн санаа тавьсан уярам үгийг сонсож, сэтгэл бахдаж байсан ч гаднаа номхон цэргийн чанга хатуу дүрийг үзүүлэн, алсад ширтэн зогслоо.

Удалгүй найр хурим ёслолын галт буудлагаар өндөрлөж, хурсан олон тарж одоцгоов. Хаан эзэн өргөө рүүгээ морилж, харуулын цэрэг Жон ахлагч түүнийг дагалдан хамгаалж буцав. Отож байсан ужид хулгайг барьсныг тэргүүн сайд хаанд дуулгавал тэрээр ихэд уурсан, өргөө хүрэх зам хазайн, гяндан уруу явлаа. Ужид хулгайн үлдэгдлийг хараад хаан ихэд хилэгнэн, түүнийг нүд ирмэхийн зуур тасчиж хаяхад бэлэн байсан ч тэргүүн түшмэлийн зөвлөснөөр улсын дээд шүүхээр оруулан, байцаан шийтгэж, эрүүдэн тамлаж үнэнийг нь хүлээлгэхээр болов.

Хаанд аюул тулгарснаас хойш эзэн дээдэс бүтэн нойртой хонохоо больж, хааны харуулын тоо нэмэгдэн чангарч, өдөр шөнөгүй хааны өргөөг хамгаалах болжээ. Харуулын албаныхны ээлжийн хуваарь ч урьд өмнөхөөс урт болов.

Ужид хулгайг гэсгээх зарлиг бууж, өдөр шөнөгүй хэрэгтнийг эрүүдэн тамласан боловч хулгай үнэнээ өчсөнгүй. Амаа хамхин мэлзсээр буй нь хулгай эзэндээ хэчнээн үнэнч, чанга амтай нэгэн болохыг нь илтгэнэ. Олон хоног эрүүдсэний эцэст харамсалтай нь нэг ч зүйл олж мэдэж чадалгүй, сайх хулгай ч амь тавив. Эрлийн үзүүр мухардав. Тал бүр тийш цагдан шийтгэх яамны цэргүүдийг явуулж, ужид хулгайг тавьсан хүний ул мөрийг олох гэсэн боловч мөн л мухардаж, гар хоосон буцацгаах болжээ. Хаан ихэд хилэгнэн, өдий төдий хонож байхад хулгайг олж чадсангүй хэмээн лүндэн буулгаж, олон сайд ноёд хаан эзний хилэнгээс айн, төрийн хэргээ ч асууж зөвлөлдөж чадахгүй хэсэг зуур болжээ. Тэгж тэгж хаан эзний хилэн буусан манан арилж, төрийн хэргээ үргэлжлүүлэх нь нэн тэргүүний асуудал болсон тул тэгсгээд хэрэг намжив. Гэвч хаан эзнийг хорлох гэсэн атгаг санаатнууд байгааг мэдсэн цагт ордны дотор хэн ч тайван суухгүй билээ.


"Бүх хэрэг бүтэлгүйтлээ. Хэчнээн шившигтэй. Хаанд халдах гэж байгааг хэн нэгэн мэдсэн байна. Түүгээр зогсохгүй хэзээ хаана гэдгийг ч тэр. Энэ талаар мэдэж буй хүн цөөхөн. Яахын аргагүй бидний дотор харх үүрэлсэн байна. Эртхэн дээр нь олж устгахгүй бол бидний санасан хэрэг талаар болно. Бидний агуу үйлс, цаашдын зам мөр үүнтэй хамаатай." хэмээн зүүн гарын тэргүүн сайд уурсан хэллээ.

Тэр энэ удаа цөөн итгэлт хүнээ дуудан, тунгаан хэлэлцэж буй. Сэдсэн хэрэг нь хаан эзний алган дээр илхэн байгаа нь түүнийг айдаст автуулж байв. Учиртаа бол хэн ч үүнийг мэдэх аргагүй билээ. Ужид муу хулгай л зүүний жигүүрт нь үүрлэсэн гэж тэр таалаа. Тиймд өөрийн итгэлт Сог Мин Жонон, сангийн яамны сайд У, тэргүүн яамны зөвлөх сайд Пак нарийг л дуудан ирүүлсэн нь энэ. Тэд бол ирээдүйн үйл хэргийн гол эзэд, цаашдын мөрд толгой холбох нөхөд.

"Бид цаашдаа илүү болгоомжтой байх хэрэгтэй болов уу. Илүү нарийн ур ухаан гаргаж, их цэргийн хүчээр төрийг унагаах хэрэгтэй." хэмээн Сог Мин жонон бага залуу насны ааг омгоор хэлбэл тэргүүн сайд толгой сэгсрэн,

"Хэсэгтээ азнах нь зүйтэй. Одоо хаантан хараа хяналтаа улам чангатгаж, харуул хамгаалалтаа зузаатгасан байгаа. Хүчээр хааны цэргийг буулган авна гэдэг тун бэрх. Бид Мин улсаас тусламж аваагүй цагт цэргийн хүчээр дайрч болохгүй. Бидний итгэлт нөхөр Мин улс тогтворгүй хаан эзнийг бус, ирээдүйтэй хөрш холбоотонтой болохыг илүүд үзнэ. Бид сайтар хэлэлцээр хийж чадвал тэнгэр бидний талд гэсэн үг. Харин одоогоор хааны хүчийг тайван ажиглаж, дотроос нь мэрж бутаргах хэрэгтэй. Тэр цагт хаан төр улам ганхаж, бидний хэрэг саадгүй бүтнэ." гэвэй.

Түүний хэлсэн цөм үнэн тул ноёд зөвшөөрөн толгой гудайж, цаашид хэрхэхийг хэлэлцлээ.

"Ингэхэд Жонон та өдий төдий олон хоног өнгөрсөн атал ордон руу зүглэсэнгүй. Мин улсаас ирсэн гэдгээ мэдэгдэж, хааны амар мэндийг айлтгавал яасан юм бэ?" хэмээн сангийн сайд ам нээвэл зөвлөх өлгөн авч,

"Тийм шүү, таны бараалхалыг өөрийн нүдээр үзвэл тэдэнд харин ч том цохилт болох бус уу?"

Тэргүүн сайдын таалалд энэ санаа нийцэж буй бололтой, сахлаа имрэн олон таван үггүй сууна.

"Эрхэм ноёдтой адил бодолтой байна. Би бээр хаантанд бараалхаж, алтан ургийн үүргээ биелүүлье дээ."

Ийн Жонон ам гараад тэргүүн сайдын гэрийг орхин гарлаа. Цаг орой болж, буцах цаг болсон ч тэр гэрийн зүг бус харин өөр тийш сажилсан юм.


"Сог Мин Жонон дахиад иржээ? Миний өчүүхэн хүрээлэн таны таалалд нийцсэн бололтой. Би ихэд баярланам." хэмээн эзэгтэй Жононд тал заслаа.

"Өргөө нь бус эзэгтэй нь намайг ихэд татав. Таны төлөө энд дахин дахин ирсэн ч яах вэ." хэмээн Жонон илтэд дур хүслээ илэрхийлэх. Эзэгтэй Гинёон аалиараа ичингүйрэн баясч буйгаа харуулж, сэвүүрээрээ нүүрээ нуун,

"Таны үгс дорд миний сэтгэлийг баярлуулж байна." гэж уран гоё үгсээ өөдөөс нь чулуудаад дотогш залрахыг урилаа. Урьдын адил идээ ундаа, архи сархад засаж, зочноо дайллаа.

Энэ удаад ч тэр ердөө эзэгтэйг ширтэж суусаар үдшийг барав. Тэгэхдээ архинд нэлээд халамцсан ч байж, шүлэг ч тэрэлдэг нэгэн байлаа. Мин улсад суухдаа зохиож байв хэмээн цоллож байгаад хэд хэдэн уянгат дөрвөн мөртийг эзэгтэйд зориулж унштал эзэгтэй чухам баясаж гарлаа.

"Чухам эрдэмтэй, чухаг эрхэм юм та. Ийм яруу шүлэг найргийг энэ насандаа сонсож байсангүй. Дорд би тун азтай нэгэн юм." хэмээгээд архи хундагалтал Жонон архийг хажуу тийш нь зайлуулаад эзэгтэйн гараас атгаад авав. Эзэгтэй бондгос хийн цочиж гараа авах гэтэл Жонон хурц нүдээрээ ширтэн, улам чанга атгаж,

"Ийм сайхан эмэгтэйд таарсан уран яруу шүлэг хэлж өгсөн атал хариу барьдаггүй хэрэг үү?" хэмээн хэлэх нь согтуу хүний үг билээ.

Эзэгтэй яаран сандран гараа татаж,

"Дорд намайг өршөө, эзэнтэн минь. Мөхөс би хэдий Гинёо боловч нэгэн хүрээлэнгийн эзэн, үйлээ дуусгасан эм билээ. Над мэт дорд хүн атал урьдаас товлож, тохирч гэмээ нь зочин өргөөндөө хүлээн авдаг амуй. Өршөөж хайрла." хэмээн хэдэнтэй мэхийвэл сая сочин ухаарсан Жонон хүйтэн инээмсгэлээд,

"Эзэгтэйн таалалд нийцээгүй бололтой дог. Хорвоогийн хамгийн азгүй эр ажээ, би. Юу хийвэл таны өргөөнд зочилж барах? Уран шүлэг минь тусаа өгсөнгүй, угсаа гарваль минь ч нэмэр болсонгүй. Одоо яадаг билээ?" хэмээхүл эзэгтэй сандарч,

"Яалаа гэж, эрхэм дээдэс минь. Яасан гэж би таныг голж зүрхлэх билээ. Ярвигтай нэгэн асуудал бий. Яам тамгын газраас бидний хэргийг бүртгэдэг юм. Яарч төвдөлгүй ярьж тохирч, өдөр судраа нарийн бичвэл дорд надад хоолоо олоход тустай. Яасан ч таныг гомдоож зүрхлэшгүй. Ямагт зөв цагаа хүлээвэл болно." хэмээн арга эвийг нь олохыг чармайж, өчүүхэн толгойгоо аврахыг хичээв. Үнэн хэрэгтээ яам тамгын бүртгэлээс болсон ч юм биш. Үргэлж хүлээдэг эрхэм зочинтой тул өрөөл бусдыг өргөөндөө авах дургүй. Арга саам хайж өнөөг хүрсэн атал, айхавтар том эрхэм гараад ирсэнд яаж шуухан болгохоо мэдсэнгүй.

Эзэгтэйн ийн тэвдэж байгааг үзээд Жононгийн хилэн дарагдаж, хэлсэн үг, хийсэн үйлдлээ эргэн нэг хараад, эрүүл ухаантай хүн шиг,

"За би ойлгож байна. Хүлцэн тэвчих ёстой байж. Болчимгүй зан гаргасан бол өршөө намайг. Бодолдоо намайг ийм хүн гэж бүү буулгаарай. Би энгийн даруу, эгэл жирийн нэгэн. Эзэгтэй таны гоо сайхныг хараад л тэсэж тэвчиж чадсангүй. Зүрх сэтгэл минь нэгэнт таныг гэх болж. Зөв цагаа хүлээсэн нь дээр болтой. Зүрхлэн хэлэхэд дахин өргөөнд чинь ирж байя. Зүй нь тэр цагт эзэгтэйг үл зовоог." хэмээгээд хариу нэхэл сонсолгүй тэгсгээд гарч одов.

Харин ч гайгүй өнгөрсөнд эзэгтэй нэг сэтгэл уужирлаа.


Маргааш өдөр нь хааны ордонд төрийн хэрэг хэлэлцэх цагаар, олон сайд түшмэл цуглаж, хаантан хүртэл заларч ахуй цагт Сог Мин Жонон орж ирлээ. Тэрээр явсаар хааны өмнө ирэн дөрвөнтөө сөгдөж,

"Хаан эзний амар амгаланг айлтгая. Мөхөс би айлтгалынхаа дагуу танд бараалхаж байна. Эцгийг дагаж олон жил Мин улсад суулаа. Эцэг нэгэнт тэнгэрт хальсан тул би бээр буцаж эх нутагтаа ирэв. Хөрш олон жил суусан хоёр улсынхаа найрсаг сайхан харилцааг бодож, Мин улсын хэл эрдэмд суралцсан би бээр яг хэрэгтэй мөчдөө алба зүтгэхээр ирсэн минь энэ. Хаан эзэн болгоон соёрхоно уу." хэмээв.

"Айлтгалыг хүлээн авсан. Ордонд ирэхийг чинь хүлээж байлаа. Үнэхээр гүрэнд минь хэрэгтэй эрдэм чадалтай нэгэн тул би бээр үнэлж, зохих албанд томильё." хэмээн хаан ёс бодов.

"Хааны хишиг хязгааргүй билээ." Жонон мөргөлөө.

Айлтгал дууссаны дараа барууны түшмэд хоорондоо хэлэлцэнэ. Жононг ирсэнд тэд туйлын дургүй байлаа.

"Эзэн хааныг гутаан доромжиллоо."

"Төрийг санаатайгаар ганхуулав."

"Төрд тэрслэхийг санаархав."

"Алтан ургийн жонон хүн хааны ордонд өндөр алба хаших аюулын цондон."

"Тэр санаатайгаар эргэн ирсэн."

"Зүүн гарын тэргүүн сайдын хийсэн ажил."

"Тэд бидэн рүү дайрч байна."

"Шаггүй том болсноо харуулж, айж имээлгүй Жононг тавилаа."

"Бидэнд сануулга өгч байна."

......

......

You are reading the story above: TeenFic.Net

#svt #wonwoo