Background color
Font
Font size
Line height

"Ирээч ирээч гэхээр ирэх болов уу, тэр

Яваач яваач гэхээр явах болов уу, тэр

Зуу зуун жил харуулдан суусан ч

Зуурдхан чамтайгаа хамт байх тавилангүй ээ хө

Ай хө, ай хө

Хэзээ ч тэр над дээр ирэхгүйгээс хойш

Харуулдан суугаад юу хийнэм

Холын хол явъя даа би"


Амнаас ундран гарах үгс хүртэл хэчнээн гунигтай болоо вэ. Хорвоо тэр чигтээ уйтай, гунигтай. Бүсгүй хүний жаргал зовлон хүлээлтээс хамаардаг хорвоо. Ай даа.

Жин Уг хаврын нэгэн шөнө орь ганцаар гудамж зээлээр гиеүрэн алхахдаа амандаа ардын дуу аяланхан, хаа нэг уйтай санаа алданхан явна. Саран авхай түүнийг ганцаардахгүй гэсэндээ түм буман ододтойгоо манджээ. Намуухан тайван орой байсанд тэр бээр зарц нараа гэрт нь хариулчхаад ганцаар гунихран яваа нь энэ. Тэр нэгэн хүнтэй хамт алхахсан гэхээс сэтгэл зүрх нь улам гашуу оргино.

Гэнэт л өнөө тайван тогтуун уур амьсгал хаашаа ч юм хийсэн одох нь тэр. Тэргэл сарыг тэмээн чинээ үүл халхалжээ. Өргөн гудамжнаас нарийн гудам руу эргэхдээ тэр эрхгүй жихүүдэс мэдрэв. Ард нь үл мэдэг чимээ гарах төдий цочин эргэж харвал харанхуйгаас өөр юу ч байсангүй. Харин харанхуй сүүдэрт нуугдсан аюумшигт араатныг тэр анзаарсангүй ээ.

Олон давхар зузаан хормойгоо дээш шуугаад алхаагаа хурдасгав. Хурдан алхах төдий үүлэн хормой нь орооцолдоод болдоггүй. Энгийн хормойг бодвол гинёо хормой цэцгийн дэлбээ мэт зузаан пөмбөгөр байдаг билээ.

Сүүлдээ хөлийн сайнаар хурдалсан боловч сүүдэр түүнээс салсангүй. Айн сандран арагшаа нэг харж явсан болохоор урдах жижигхэн чулууг харалгүй бүдрээд уначхав гэнэ ээ. Тэр даруй нүүгэлтсэн хар сүүдэр нөмрөн ирэхэд тэр юу ч хийж чадсангүй. Удалгүй ухаан балартлаа.


Хаантан хайрт охин, хүргэн хүү хоёртойгоо өглөөний зоог барин сууна.

"Энэ гэрлэлт надад хэчнээн итгэл найдвар авчирч байна гээч. Хайртай их охин минь, үнэнч сайд барлаг минь хамтдаа хажууд минь байна шүү дээ." хэмээн баясгалантай инээнэ.

"Ингэхэд охин минь, царай чинь гундуу харагдах юм. Лагшин чилээрхээ юу?" хэмээн санаа зовнин асуув.

"Үгүй дээ, хаан аав минь. Олон хоног хурим найранд бэлтгэсэн тул багахан ядраа аж. Та бүү санаа чил." хэмээн гүнж хариу өчлөө.

"Тийм байх нь. Биеэ бодох хэрэгтэй шүү. Чи ч бас, Жон захирагч аа. Та хоёр л надаас хойш үргэлжилнэ. Залуу улсууд байж эрүүл чийрэг байхгүй бол тусгүй. Эрүүл чийрэг хүнээс л эрүүл хүүхэд төрдөг юм шүү дээ. Миний хэлэхийг тааж байна уу?" хэмээн тойруулав.

Хоёр залуу юу гэхээ мэдсэнгүй. Жон захирагч чимээгүй доош ширтэх бол гүнж авынхаа хариуд Жа хэмээн толгой дохино.


Хааны өргөөнөөс тэд хамт гарлаа. Гадагш гармагцаа Жон захирагч гүнжид ёслоод явах гэтэл,

"Надад бүү ёсорх. Одоо би чиний авааль эхнэр. Чи миний авааль нөхөр. Мөхөс би л эр нөхрийнхөө өмнө ёслох ёстой." гээд толгой гудайн мэхийлээ.

Энэ Жон ахлагчид тун эвгүй санагдана. Буруу зүйл мэт.

"Ордонд минь морилохгүй байгаан шалтгааныг асууж болох сон болов уу?"

"Өршөө. Бие минь багахан чилээрхээд. Болгоовол би ингээд албандаа явъя даа." хэмээн хариу ч сонсолгүй эргэн алхахад энэ хэдэн үгэнд сэтгэл зүрх нь түмэн хэсэг урагдсан ч бардам зан нь дийлж, өргөө рүүгээ ширэв татан буцлаа.

Энэ бүхнийг харж зогссон Сог Мин жонон сайн муу дур нь зэрэг зэрэг хөдлөн, Жон захирагчийн өмнө хөндөлсөн зогсох нь тэр. Урдах замд нь саад болсон этгээд рүү ширүүхэн хараадахтал,

"Өө, тархи минь бяцрах нь. Ингэж ширүүн харахаа болино уу." хэмээн алсыг бараалсан шигээ хэлэв.

"Замаас минь холдоно уу?" гэх Жон захирагчийн хүйтэн дуу цасан шуурга шиг л хөлдөөх.

"Одоо ч нэгэн зиндааных болсон тул бөхөлзөж, тал засахаа байж шив дээ." хэмээн егөөдсөн янзтай хэлэв.

Энэ этгээд яах санаатай ингээд байгааг ойлгосонгүй. Гэвч асуудал үүсгэхгүйн тулд тэвчин зогслоо.

"Гэхдээ.. Ганцхан надад ч ингэж ханддаггүй гэдгийг харж байна аа. Хаантаны хэлсэн бүхнийг хийж гүйцэтгэдэг дуулгавартай нохой гэж бодож байтал авсан эхнэртээ тийм биш болтой. Гүнж ч тэр, би ч тэр хааны зэрэгт хүрэхгүй болохоор ингэж байгаа юм уу даа. Хаан эзнийг гэх үнэнч байдал чинь өөр бусдад хувааж ч хүрэхгүй өчүүхэн эд байж шив." хэмээн илт үг хаях аж.

"Олон зүйл тойруулан нуршаад байлгүй хэлэх гэсэн юмаа л хэл." гэж ширүүн дуугарав.

Хариуд нь жонон сая чухал өнгөөр,

"Ганц хүнийг гэсэн энэ их үнэнч сэтгэл чинь хүзүү ороох вий." гэдэг ганц шадыг хэлээд өөр зүйлгүй явж одлоо.

Хэлсэн үг нь хурц байсан тул Жон захирагч дотроо цухалдсан ч гаднаа үзүүлсэнгүй.


Жин Уг нүдээ нээлээ. Хаа нэгтэй агуулах байр сав гэмээр, газраар нэг дэвссэн сүрэл бүхий харанхуй газар гэнэ ээ. Гэгээвч гээд байх юм үгүй, нийлүүлсэн банзны завсраар гэрэл багахан тусна. Юу юунаас илүүтэй санаа зовох зүйл бол гар нь хүлээтэй, хөл нь дөнгөтэй явдал. Юу болох нь энэ вэ?

"Хүн байна уу? Намайг хурдан тавь! Яаж байгаа чинь энэ вэ?" хэмээн дуу хадаалаа. Тэгэхэд нь цоож цуурга тачигнан дуугарч, хаалга үүд сэвхийн нээгдлээ. Гэнэт туссан гэрэл нүд гялбуулж, хэн орж ирэхийг таасангүй. Удалгүй нүд нь дассан ч хэн болохыг мэдсэнгүй. Өнөө этгээд түүнийг ухаан орсныг харсан болтой, буцаад гараад явчихав. Жин Уг хүлээсээ тайлахыг хичээсэн ч дэндүү чанга уясан тул оролдох тусам бугуй нь өвдөхөөс цаашгүй.

Тэгж байтал хаалга дахин нээгдэж, нэг биш нэлээд хэдэн хүн орж ирлээ шүү. Нэг нь бусаддаа түүнийг авч гарахыг үүрэгдэв. Хоёр нь түүнийг дөнгөнөөс нь мултлаад чирч гарлаа.Эмэгтэй хүн гэж харж үзэх шинжгүй, чирч гулдачсаар нэгэн өргөөнд хүрсэн нь танил газар байх юм гэнэ. Тийм ээ, энэ зүүн гарын тэргүүн сайдын өргөө байлаа.

Өнөөх этгээдүүд түүнийг чирсээр дотогш оруулахад тэргүүн сайд хоймроо заларч харагдлаа. Тэд түүнийг чулуудах шахам газар хаяж, нуруун дээр нь хүчээр дарж сөгдүүлэв. Айж сандарсан хөөрхий эмэгтэй юу болоод байгааг ч ойлголгүй тэргүүн сайд өөд харлаа. Урьд түүнийг ивээж асан тэргүүн сайд өнөө хорсолтойгоор түүн рүү ширтэх аж.

"Т-тэргүүн сайд аа. Эзэнтэн минь, энд юу болоод байгааг тайлбарлаж өгнө үү?" хэмээн аль болох үг хэлээ эвлүүлэн асуувал,

"Муу дорд эм. Хэний өөдөөс толгой өргөөд байгаа юм?" хэмээн их дуугаар зандрахад нөгөө балмад хүмүүс толгойг нь улам доош дарах юм гэнэ ээ.

"Ойлгохгүй байна, ноёнтоон. Юунд надад ингэж хандана вэ?" хэмээн доош дарах тусам хүзүүгээ чангалан дээш өнгийнө.

"Шазруун эм. Ийм шазруун байхад бидний толгойг тэгж амархан залгих биз. Иймийг нь эртхэн мэдсэн сэн бол.."

Тэр юу ярина вэ? Энэ тодорхойгүй битүү хатуу үгс.

"Чамайг эзэн хаантанд үйлчилдэг, ордонд шургалдаг эм гэдгийг мэдсэн бол гэж байна. Тэгсэн бол чиний дэргэд тэнгэрлэг зүйлсээ ярихгүй байсан юм. Муу харх. Бидний дунд үүрлэчхээд байсан харх чи байж шүү дээ."

"Та юу ярина вэ? Би эзэн хаантанд үйлчилж байсан удаагүй билээ. Та хэлсдүүлж байна." хэмээн булзав. Эдний үгийг туршдаг байсан нь худлаа биш тул булзах гэх нь зөв биз.

"Муу худалч эм. Итгэнэ гэж санаа юу? Ордонд шөнөөр заларч байхыг чинь, бас тэр муу дорд цэрэг, одоо жонон болчихоод байгаа тэр муу хааны нохойтой уулзаж байхыг чинь нэг бус удаа харсан байна. Та хоёр боол хааны өргөөнд шүгэлчхээд энд сонссон бүхнээ тэнд хор хутган зөвлөж, биднийг шоолон суусан биз. Муу үхэж байхдаа таарсан амьтад." хэмээн үгийн муухайгаар хараан хашгична.

Жин Уг хариу хэлж чадсангүй. Тэд Жон ахлагчийнх нь талаар олоод мэдчихсэн байгаад тэр хамгаас их айв. Түүнд ямар нэг зүйл болох вий гэж эмээв. Өөрөө үхлийн ирмэгт ирчхээд шүү.

Яг энэ агшинд тэргүүн сайдын үүдний боол,

"Эзэнтээн, Сог Мин жонон тантай уулзахаар ирлээ." гэх нь тэр.

Сайд оруулах уу байх уу гэж хэсэг тээнэгэлзсэнээ,

"Оруул." хэмээн тушаалаа.

Сог Мин жонон орж ирээд харсан зүйлдээ итгэсэнгүй.

"Сайдтаан. Энд юу болж байгаа нь энэ вэ?" хэмээн ширүүхэн асуув.

"Өө чи ирчихсэн үү? Суу. Сууж тухла." хэмээн алгуурлав.

Жононгийн хөмсөг атиран юу болж буйг тунгаахыг хичээв.

"Өмнө ярьж байсан хархыг санаж байна уу? Бидний дунд үүрлэчхээд байгаа хогийн харх. Бидний бүх төлөвлөгөөг дотроос задлаад байсан харх. Тэр энэ байж. Энэ муу боол бидний яриаг сэм сонсоод цааш дамжуулдаг байсныг бид саяхан олж мэдээд барьж устгах гэж буй нь энэ."

"Тэр чинь юу гэсэн үг вэ? Эзэгтэй юу?"

Жонон яагаад ч юм тэгтэл их гайхсангүй.

"Тийм ээ. Тэр бүү хэл цаана нь байсан гол эзэн нь одоо Кён Хэ гүнжийн нөхөр болчхоод байгаа тэр муу дорд боол шүү дээ. Даан ч хурдан өсч дэвжээд байсан юм. Энэ хоёр үгсэн хуйвалдаад, бидний толгойг залгиж байж."

Жон захирагч, Жин Уг хоёрын холбоог мэдэх Сог Мин жонон гаднаа баахан гайхсан дүр эсгэнэ.

"Тийм болохоор бид энэ улсын сууринд буглаад байгаа ялзарсан үндсийг суга татан хаяж, энэ мэт дорд амьтдаас цэвэрлэх нь зүйтэй. Алив та хоёр наадхаа чирч гаргаад цавчиж орхи." хэмээн зандрав.

Хоёр зандалчин түүнийг бахируулсаар чирч гардагийн даваан дээр Сог Мин жонон,

"Зогс! Түр зогсож бай." хэмээн болиулав.

Сайд түүн рүү гайхан ширтвэл тэрээр хоолойгоо засаад,

"Шууд ингээд амийг нь авчих нь харамсалтай биш гэж үү? Туршуул шүү дээ. Баригдсан дээр нь нөгөө талын мэдээллийг байцаан хэлүүлээд, ханалаа гэж бодсон тэр цагтаа хорооход оройтохгүй." гэв.

Сайд нэгийг бодож хоёрыг тунгаав болтой. Жононгийн саналыг хүлээн зөвшөөрч буй мэт толгой дохиод,

"Тэр ч тийм юм. Жонон таны санааг ойлголоо. Наадхаа чирч гаргаад занч. Үг хэлэхээс нааш хороож болохгүй. Үг унатал нь занч." гэх нь тэр.

Хэлснээр нь чирч гаргаад занчиж буй нь, Жин Угийн тарчлан бахирч буй нь сонстсоор авай.


"Захирагч аа."

"За?"

"Гадаа үүдэнд нэг хүн тантай уулзана гээд аль өдрөөс хойш харуулдлаа. Явах шинжгүй болохоор нь танд дуулгаж байна."

"Хэн гэнэ вэ? Хэрэг зоригоо хэлсэн үү?"

"Мэдэхгүй юм. Жин Сон өргөө гэсэн байх аа, тэндээс ирсэн гэх шиг болно лээ."

Жин Сон өргөө гэхийг дуулаад захирагч даруй гадагш гарлаа. Жин Угийг ирэв гэж санав. Харамсалтай нь өөр хүн байлаа.

"Надтай уулзана гэв үү?" хэмээн өөрийг нь хайгч хүн дээр очин асуувал өнөөх нь их л зэвхий царайтай боол байв.

"Ноёнтоон. Мөхөс би Жин Сон өргөөний боол билээ. Жин Уг эзэгтэйд үйлчилдэг. Таныг ирдэг байсныг мэддэг болохоор өөр аргагүй болон нааш хүрч ирэв." хэмээн ээрч муурах юм гэнэ.

"Ямар хэрэг гарсан юм бол?" хэмээн гайхан асуулаа.

"Эзэгтэй.. Гурав хоногийн өмнө гарч яваад одоо болтол сураг чимээгүй байна. Бор гэртээ ч алга. Өөр явсан газаргүй, өргөө бүрээс асуусан ч нэмэргүй. Арга барагдан тан дээр ирлээ." хэмээн уухилан байж өчив.

"Яалаа гэнэ ээ?"

Захирагч баахан гайхаж, мэгдлээ. Ингэж сураггүй болдог хүн биш сэн гэж бодов.

"Ийш тийшээ явлаа гэж хэлээгүй юу? Ганцаараа явсан хэрэг үү?" хэмээн их дуу хадаав.

"Харин..." гээд гацчихсанд захирагчийн цухал улам ихэсч,

"Харин юу гэж?" хэмээн шавдуулав.

"Тэр өдөр биднийг харьж байхыг тушаагаад, ганцаар зээлээр алхана, удалгүй хариад очих болохоор санаа чилэх хэрэггүй гэсэн юм. Тэгэхээр нь бид үгэнд нь ороод..." хэмээн гөлөлзөв.

"Эзэгтэйгээ ганцааранг нь явуулдаг нь яаж байгаа хэрэг вэ?" хэмээн зандраад даруй хөдлөхийг завдлаа. Муу совин татаад байв. Гэвч ордноос гардгийн даваан дээр гүнжийн зараал түүнийг сурсаар хүрч ирлээ.

Гүнжтэн өвдсөн гэнэ. Хүнд өвчин гэнэ ээ. Эр нөхрөө хажуудаа байлгахыг хүсч байна гэв. Заавал ирэхийг, яаралтай ирэхийг үүрэгдэж байна гэнэ.

Захирагч яахаа мэдэхээ болив. Тэнд нэгэн хүмүүн сураг ажиг тасарч, муу совин татаад, ямар нэг зүйл болсон нь илт, яаралтай хайж олох хэрэгтэй байтал энд бас нэг хүмүүн ямар дайрлага нь дайрсан юм, цагаа олж өвдлөө. Яаралтай ирэхийг хүсч байгаа тул очихгүй байж гэмээ нь толгойгүй болох биз. Үнэхээр тэр хүний хэлснээр энэ үнэнч байдал хүзүүг нь ороож байна.

Гүнжийн өвчин түүнийг тушчихсан тул тэр харьяаны хэдэн цэрэгтээ Жин Угийг хайж олохыг даалгаад гүнжийн өргөө рүү явлаа. Очиход нь гүнж үнэхээр л өвдсөн, оточ заларчихсан байж байв.

"Би ирлээ, гүнжтээн." хэмээн сөгдөн суувал хар хөлс нь цувах гүнж нүдээ хагас нээн хараад сая санаа нь амарсан аятай ухаангүй болчихов. Өндөр халуурсан гэнэ. Тэлчилж тэлчилж халуундаа болоод ухаан алдсан нь энэ байв. Бүгд л яана ийнэ болон сандралдаж, гүнжийг аврахыг чармайна. Энэ зуур захирагч тэртэйх хүнд санаа зовон байсхийгээд цаасан цонхоор харна. Гүнжтэн гарыг нь чанга атгасан чигтээ ухаан балартсан тул тавиулж эс чадна. Энэ чигтээ л суугаад байх. Юу ч хийлгүй суугаад байх.


Балмад хэрцгийгээр зодуулсан Жин Уг харин харанхуй агуулахад ухаангүй хэвтэнэ. Энэ яваа насандаа ийм тамлал амсаагүй тэр бээр яахин ухаантай байх билээ. Халтихан ухаан ороод харвал өнөө газраа маш их өвчин зовлонтой сэрсэн байх юм гэнэ. Хар дарсан зүүд биш болтой. Үнэхээр энд ингэж үхэх тавилантай байж дээ. Гадна хүмүүсийн ярилцах сонстоход ингээд л амьдрал нь дуусав гэж бодлоо. Тэд өөрийг нь алахаар орж ирж байна. Ингээд ухаан нь балартав.

Хэн нэгэн түүнийг зөөлөн сэгсчих үед тэр нүдээ нээлээ. 

"Жин Уг аа, Жин Уг, сэргээрэй." гэх үед сая хэн нэгэн нэрээр нь дуудаад байгааг ойлгож, сүүмгэр сарны гэрэлд харвал танил төрх,

"Вон Ү..." хэмээн аяархан дуугарлаа. Үнэхээр Вон Ү нь харагдав. Хүлээсийг нь тайлчихсан тул чөлөөрсөн гараа алгуурхан явуулж хацарт нь хүрлээ.

"Вон Ү минь..."

"Алив сэргэ, сэргэ л дээ, эзэгтэй!" хэмээн өмнөхөөсөө арай чанга дуудахад нүдийг нь бүрхсэн манан ариллаа.

Вон Ү биш байв. Хүсэн хүлээсэн Вон Ү нь биш байв. Хүлээгээгүй хүн. Сог Мин жонон байлаа.

"Ноёнтоон?"

Балмагдсан тэрээр ус цацуулсан мэт сэргээд ирлээ. Жин Уг түүнээс айж байв. Тэргүүн сайдын талын хүн болохоор тэр айж байв. Сая тэр өргөөнд байсан болохоор айж байв. Тэгээд түүний гараас даруй мултран хойш зүтгэлээ.

Үүнийг нь гадарлаад жонон алгуур хойш ухарч,

"Битгий ай. Би чамайг алах гэж ирээгүй. Харин аврах гэж ирлээ. Эндээс гарцгаая." гэлээ.

"Б-би танд яаж итгэх билээ?" хэмээн болгоомжилбол,

"Би яасан ч чамайг алахгүй. Итгэхгүй бол би одоо ингээд явлаа. Гадна хэн ч байхгүй. Би бүгдийг нь явуулчихсан. Цаг богино байна. Түргэхэн эндээс гараад хамаг хурдаарай зугт. Эргэж битгий хар. Яв. Хурдал." хэмээн шавдуулав.

Түүнд итгэх үндэс байхгүй ч итгэхгүй гэх үндэс ч байсангүй. Тиймд хэлсэн дагуу нь гадагш гарвал үнэхээр хэн ч байсангүй. Тэр жононд мэхийгээд эргэж хөлийн хурдаар зугтлаа. Удаан гүйсний эцэст цуцан эргэж харах үед хэн ч араас нь нэхэл болоогүй байлаа. Жонон үнэн хэлсэн байжээ.

Одоогоор хэн ч түүнийг алга болсныг мэдээгүй. Өглөө болоход л чимээ шуугиан дэгдэнэ дээ.


You are reading the story above: TeenFic.Net

#svt #wonwoo